Сургуулиудын засварын төсөв 2019 оноос Нийслэлд шилжин ирж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-14 15:44:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар ЕБС-иудын сургалтын орчны үнэлгээ, энэ онд баталсан "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэх" 119-р тогтоолын хэрэгжилтийн байдал, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих, олон нийтийн цагдаагийн ажлын үр дүн, нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай, нийслэлийн өмчийн ашиглалтын менежментийг сайжруулах, барилга бүртгэж авах зэрэг асуудлыг хэлэлцлээ.


Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн орчны аюулгүй байдал, эрсдлийн үнэлгээ ба анхаарах шаардлагатай асуудлын талаар БСШУС-ын дэд сайд Г.Ганбаярын танилцуулснаар, 131 сургуульд эрсдлийн үнэлгээ хийхэд 21 нь их, 80 нь дунд, 30 нь бага эрсдэлтэй гарсан байна. Харин 226 цэцэрлэгээс 28 нь их, 89 нь дунд, 109 нь бага эрсдэлтэй гэсэн дүн гарчээ.


Гадна орчны гэрэлтүүлэг тааруу, зорчих хэсгийн тохижилт муугаас авахуулаад барилга доторх цахилгааны утаснууд ил гарсан зэрэг нийтлэг дутагдал илэрчээ. Үүнээс гадна зарим сургуулийн орчинд явган зам байдаггүй нь ихээхэн эрсдэл үүсгэж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 47-р сургуулийн сурагчид орчны тохижилт муугаас авто замаар явахаас аргагүй нөхцөл үүсчээ. Эл зөрчлийг арилгахаар тус сургуулийн удирдлага хайс тавьж, түр хугацаагаар явган зам гаргажээ. Сурагчид зам, тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байгаа тул ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар явган зам тавихаар болсон байна. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн “их” эрсдлийг багасгаж, “бага” эрсдлийг арилгах ажлын хүрээнд эрсдлийн үнэлгээг тогтмол хийж, БСШУСЯ болон нийслэлийн ИТХ хамтран ажиллахаар боллоо.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, хэв журмын зөрчил, үер усны аюул, болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам, талбайн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр баталсан тогтоолын хэрэгжилтийн талаар нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр танилцуулав. Өнгөрсөн хугацаанд холбогдох албаныхан 267 ширхэг гэрэлтүүлгийн шонг тагтай болгож, шаардлага хангахгүй 5900 метр цахилгаан дамжуулах кабел шугамыг хураан авч, сургууль цэцэрлэгийн ойр орчимд байрлах  агаарын 11 тулгуурыг тэгшитгэж, ашиглахгүй байгаа 24 ширхэг гэрэлтүүлгийн шонг буулгаж, ил задгай 15 метр кабел шугамыг норм дүрмийн дагуу буулгажээ. Мөн барилга байгууламж дээр журам зөрчиж чингэлэг байршлуулсан айл өрх, ААН-үүдэд албан шаардлага өгч чингэлэгүүдийг албадан нүүлгэж, явган хүний зориулалтын бус 4 гүүр буулгуулжээ.  Түүнчлэн цахилгаан хангамжийн ашиглалтын аюулгүй байдлыг хангахаар улсын байцаагчийн 02-07-102/411 дугаар зөвлөмж хүргүүлж, хуваарилах 16 самбарт газардуулга хийж, ил задгай 35 утсыг норм дүрмийн дагуу газарт булсан байна.

Нийслэлийн хэмжээнд 6-35 кВ-ын 4325.1 км, 0.4 кВ-ын 2903.2 км урт цахилгаан дамжуулах шугам, 6-35 кВ-ын 2184 ширхэг дэд өртөөнд үзлэг шалгалт хийж ашиглалтын шаардлага хангахгүй нийт 331 шугам тоноглол байгаагаас 108 шугам тоноглолыг засч, хэвийн ажиллуулав. Хэрэглэгчийн эзэмшлийн 223 шугам тоноглолыг засч хэвийн ажиллагаанд оруулах шаардлага хүргүүлэн, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байгааг холбогдох албаныхан онцоллоо. Мөн сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахаар замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулан, нийтдээ 448 метр урт хурд сааруулагч тавьжээ. Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн 12 барилга дээрх үүрэн холбооны антеныг буулгасан байна.

НИТХ-ын Тэргүүлэгчид мэдээлэл, танилцуулгыг сонсоод, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгах санал оруулав. Тэргүүлэгч С.Мөнхчулуун сургууль, цэцэрлэгийн орчин ажиллаж буй цэнгээний болон уушийн газрын үйл ажиллагааг шалгаж, цэгцлэх шаардлагатайг хэлэв. Тэргүүлэгч Ц.Байгалмаа "Сургуулийн засварын төсөв 2019 оноос нийслэлд шилжин ирэх юм байна. Боловсролын байгууллагын орчны гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж, улмаар хэрэг, зөрчил багассан нь 119 дүгээр тогтоолын үр дүн болсон”-ыг хэлж байв.

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас өчигдөр хотын дарга С.Батболдыг огцруулах шийдвэр гаргасан талаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны үеэр НИТХ-ын дарга С.Амарсайханаас тодруулахад “Энэ асуудлаар НИТХ-д албан бичиг ирсэн. Энэ асуудлыг НИТХ 15 хоногт багтаан хэлэлцэнэ. Бид Тэргүүлэгчдийн хурлаараа эхлээд хэлэлцэнэ. НЗД-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт, Үндсэн чиглэлийн явц 80 хувьтай явж байна гэж НИТХ үзсэн. Гэхдээ намын дээд удирдлага, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргыг хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэж, албан бичиг илгээсэн гэж харж байгаа. Тийм учраас бид холбогдох журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгөв.  

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ