Орон нутаг руу зорчихгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-03-04 09:16:59

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, хүчтэй цасан шуурга шуурч зам даваа хаагдаж автотээврийн хэрэгсэл зорчиход аюултай нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Улсын хэмжээнд олон улсын болон хот хоорондын чиглэлийн авто зам, замын байгууламжийг энэ сарын 3-ны өдрийн 21:00 цагаас эхлэн цаг агаарын нөхцөл байдал сайжирч, авто замаар аюулгүй зорчих боломжтой нөхцөл бүрдэх хүртэл түр хаах шийдвэрийг гаргасан юм.

 Өнөө шөнөдөө Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь аймаг, маргааш өдөр Төв, Хэнтий, Дундговь аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ гэсэн төлөв байдалтай байна.

Монгол Улсын Засгийн газраас, салхи 16 м/с-ээс дээш хурдтай салхилж, цас зургаан цагаас дээш хугацаагаар үргэлжилж, 12 цагийн дотор 10 мм-ээс дээш хэмжээний цас орохыг цаг агаарын гамшигт үзэгдэл гэж үздэг юм байна.

Улсын хэмжээнд 14 аймгийн 88 суманд 142 даваа, 30 тал хөндий байнгын цасанд боогдох эрсдэлтэй байдаг гэсэн судалгаа бий.

Хүчтэй салхи шуурганы улмаас төөрөх, шуурганд уруудах, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх, тээврийн хэрэгсэл цасанд боогдох, саатах, утсан холбоо тасрах, шатах тослох материалын нөөцгүй болох зэрэг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, онц шаардлагагүй бол ойрын өдрүүдэд орон нутгийн замд гарахгүй байхыг Автотээврийн Үндэсний газраас анхаарууллаа.

Мөн автозамын хөдөлгөөнийг нээх эсэх талаар чиглэл өгсний дараа замын хөдөлгөөнд оролцохыг нийт жолооч нарт сануулж байна.

Дашрамд мэдээлэхэд, өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 4, 5-нд нийт нутгийг хамарсан хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Энэ үеэр 150 гаруй малчин малаа дагаж яваад салхинд уруудаж төөрсөн гэсэн мэдээлэл байна.
Төөрсөн иргэдийг хайх, аврах ажиллагааг ОБЕГ-аас зохион байгуулж 147 малчныг олж байв. Мөн орон нутгийн замд төөрч, цасанд боогдсон 540 гаруй тээврийн хэрэгсэлтэй 2,100 гаруй иргэнийг авран туслах ажиллагаа хийжээ.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ