АНУ-ыг зорьж буй цагаачдын 3000 гаруй нь Мексикт түр оршин суух эрх хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-11-07 13:58:37
МЕХИКО. /RIA Novosti/. Мексикийн эрх баригчид АНУ-ын хилийг чиглэн яваа Төв Америкийн орнуудын цагаачдаас түр оршин суух эрх олгох тухай 3023 хүсэлтийг хүлээж авсан байна. Энэ тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ.

Тус яамны мэдээлснээр, хүсэлтийг 10 дугаар сарын 26-нд Мексикийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн цагаачдаас авсан байна. Одоогоор хүсэлт гаргасан 2700 орчим цагаачид Мексикийн нутаг дэвсгэрт зорчих болон хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн түр зуурын баримт бичгийг олгожээ.

Цагаачдын томоохон хэсэг бусад муж руу нэвтрэн орох гэж байгаатай холбоотойгоор Мексикийн эрх баригчид Гватемал улстай залгаа хилийн ойролцоо оршдог Тапачула хот дахь түр байрлуулах төвийг хаах шийдвэр гаргасан байна.

Мексикийн нутаг дэвсгэрээр цагаачдын хэд хэдэн цуваа явж байгаа юм. Голцуу Гондурасын иргэд болох цагаачдын зарим нь Мехико хотод аль хэдийнэ хүрсэн бөгөөд тэнд спорт цогцолборт түр байрлаж байгаа юм. Мехико хотын эрх баригчдын тооцоолсноор, энд 4500 орчим цагаач байгаа бөгөөд лхагва гараг гэхэд 5500-д хүрч магадгүй байна.
Холбоотой мэдээ