"Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статус" тогтоолыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-11-02 16:42:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хуралдаанаар "Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статус" тогтоолын төслийг хэлэлцэн нийтийн зөвшилцлөөр батлав.


Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статустай болж буйгаа 1992 онд НҮБ-ын индрээс зарласан бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблей манай статусыг сайшаан дэмжиж, 1998 оноос хойш 2 жил тутамд тогтоол баталж ирсэн.


Уг тогтоолд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, бие даасан гадаад бодлого, эдийн засгийн аюулгүй байдал, экологийн тэнцвэрт байдал болон цөмийн зэвсгээс ангид статусыг бататган бэхжүүлэхэд Монгол Улстай хамтарч ажиллахыг НҮБ-ын гишүүн улсуудад уриалсан.


Энэ удаагийн тогтоолд Австрали, Австри, АНУ, БНХАУ, Вьетнам, Индонез, Ирланд, Их Британи, Казахстан, Киргиз, Мальта, Марокко, Мексик, Франц, Филиппин, Хаити, Узбекистан зэрэг улс хамтран зохиогчоор оров.


Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статус нь цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад ихээхэн ач холбогдолтой алхам юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн 2017 онд тохиосон Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусын 25 жилийн ойн хүрээнд ирүүлсэн илгээлтдээ манай статусыг “онцгой статус” хэмээн тэмдэглэж, цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх талбарт гаргаж буй Монгол Улсын Засгийн газар, ард түмний ололт амжилтыг НҮБ ихэд сайшаан тэмдэглэж байгааг цохон тэмдэглэсэн билээ.

Холбоотой мэдээ