Японы "Шима Сеики" фирмийн албан ёсны дугаар бүхий сертификатыг ШУТИС олгож эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-31 19:09:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “Шима Сеики” сургалтын төвд "Шима Сеики" фирмийн сүлжмэлийн автомат машины удирдлагын AПЕКС 3-3 дизайн системийн ахисан түвшний сургалт амжилттай боллоо.


Тус сургалтыг Дэлхийн банкны “Экспортыг дэмжих” төслийн санхүүжилтээр ШУТИС зохион байгуулсан юм. Японы "Шима Сеики" фирмийн зүгээс тусгай дугаар бүхий сертификат олгодог сургалтыг ШУТИС-ийн сургалтын төвд суурилагдсан тоног төхөөрөмжийн хүчин чадалд үндэслэн анх удаа гадаадад явуулж буйгаараа онцлогтой. Сургалтыг "Шима Сеики" фирмийн “Тотал дизайн центр”-ийн зөвлөх Хироюуми Хонда удирдан явуулсан юм.

Тус сургалтаар АПЕКС дизайн системийн сүүлийн үеийн өргөтгөл болох "DSCS" (Digital stitch control system), "Package software" программыг ноолууран бүтээгдэхүүн экспортлогч үйлдвэрүүдийн мэргэжилтнүүд болон “Шима Сеики” сургалтын төвийн багш нарт эзэмшүүлэх зорилготой юм. Сургалтын үр дүнд DSCS системийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлснээр сүлжмэл бүтээгдэхүүний хэлбэр, хэмжээний тооцоолол жигд болж, улмаар чанарын үзүүлэлтүүд дээшлэх төдийгүй "Package software" арга зүйг эзэмшсэнээр программистуудын программ бичих бүтээмж дээшилж, үйлдвэрүүдэд шинэ загварын бүтээгдэхүүн богино хугацаанд үйлдвэрлэх боломжтой болж байна.

Суралцагчид олж авсан мэдлэгээ цаашид өөрсдийн үйлдвэрт нэвтрүүлэх чадвартай болсон гэж Хироюуми Хонда багш онцлов. Сургалтаар олгосон мэдлэгийг үйлдвэрийн мэргэжилтнүүд Японд очиж суралцдаг байсан. Харин одоо ШУТИС-ийн тус сургалтын төвд суралцагсдад "Шима Сеики" фирмийн “Тотал дизайн центр”-ээс олгодог албан ёсны дугаар бүхий сертификатыг олгож байна.

Сургалтын хаалтын үйл ажиллагаанд Дэлхийн Банкны санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн, Экспортыг дэмжих төслийн багийн удирдагч Ульль Ломмус, төслийн ахлах мэргэжилтэн А.Энхтүвшин, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн салбарын эрхлэгч Д.Батбаяр болон багш нар, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн В.Болормаа нар оролцсон. Мөн зарим үйлдвэрийн удирдлага, төлөөлөл суралцагсдынхаа сургалтын үр дүнтэй танилцаж, Экспортыг Дэмжих төслийн болон сургалтын төвийн үйл ажиллагаанд санал хүсэлтээ илэрхийллээ.

Холбоотой мэдээ