Б.Батзориг: Бэлэн болсон Бэлчээрийн хуулийн төслийг УИХ батлахыг дэмжиж байгаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-31 18:24:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын 1500 гаруй цэгт хийж буй бэлчээрийн мониторингийн мэдээллээр хамрагдсан нутгийн 42 хувь нь соргог буюу талхлагдаагүй, 13.5 хувь нь сул, 21.1 хувь нь дунд, 12.8 хувь нь хүчтэй талхлагдсан бол 10.3 хувь нь сэргэлтгүй талхлагдсан дүн гарсан талаар өнөөдөр эхэлсэн Монгол орны Бэлчээрийн үндэсний II форум дээр мэдээлэв.

Форумыг нээж УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэлэхдээ, “Өнөөдөр малчид маань 18 орчим сая төл хүлээж авснаар манай улсын нийт бэлчээр нутагт 84.6 сая толгой мал сүрэг намаржиж байна. Сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо харьцангуй өсч байгаа нь монголчууд малаа өсгөж чаддаг гэдгийг харууллаа. Харин одоо бид энэхүү нөхөн сэргээгддэг үндэсний баялгаа хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж амьжиргаагаа, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, цаашлаад улс орныхоо эдийн засагт нэмэр болох гэдгээ бодох цаг ирсэн. Хамгийн чухал нь бэлчээр нутгаа даацад нь тохируулан, зөв зохистой ашиглах явдал юм. Тиймээс Бэлчээрийн тухай хуулийн асуудлаар малчид болон бэлчээртэй холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон ТББ-ууд, шийдвэр гаргах түвшинд гээд шат шатандаа ярьж байна. 


Орон нутагт Бэлчээрийн хуультай холбоотой уулзалт зөвөлгөөн, санал асуулгыг явуулсан. Хуулийн гол концепци нь “Бэлчээр ашигласны татвар хураамж буюу төлбөртэй байх. Хураамжийг нь төвлөрүүлэх зарцуулах эрхийг зөвхөн орон нутагт өгье. Малчдын өсгөн үржүүлж, үр ашгийг нь хүртэж байгаа малынх нь үүлдэр угсааг сайжруулахад, сум орон нутагт нь худаг ус гаргахад нь, бэлчээрийн чанарыг сайжруулж, хамгаалахад зориулдаг байя” гэж байгаа юм. Хуулийн төслийг боловсруулаад бэлэн болсон тул энэ намрын чуулганы үеэр Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлээд, УИХ-д өргөн барина. Энэ талаар Байнгын хорооны дарга, УИХ-ын даргатай санал солилцсон. Дэмжиж байгаа. Хөдөө орон нутагт малчидтайгаа уулзаж ярилцахад энэ талаар байнга сонсож, тэдний саналыг нь хүлээн авч байна. Энэ хуулийг батлахад малчдын маань санал санаачлага, хүсэл эрмэлзэл чухал үүрэгтэй. Бэлчээр нутгаа хамгаалснаар МАА-н үйлдвэрлэл чанаржиж, бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, чиг хандлага тодорхой болж, Монгол орны малын гаралтай бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өрсөлдөх давуу тал бий болох юм” гэдгийг онцолж байлаа.


Форумаар манай орны бэлчээрийн төлөв байдлын суурь судалгааны тайланг танилцуулсан юм. Үндэсний хэмжээнд явуулсан судалгаагаар бэлчээрийн хэмжээ 65 хувиас 57 хувь болон буурчээ. Мөн бэлчээр хүчтэй доройтож, цөлжилт улам нэмэгдсэн байна. Доройтсон бэлчээрийн хэмжээ харьцангуй тогтмол, бага зэрэг буурсан нь нэг талаас Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадавх өндөр байгаатай холбоотой аж. Нөгөө талаас малчид сүүлийн жилүүдэд нутаг усаараа нэгдэн бэлчээрээ зүй зохистой ашиглахын төлөө ажиллаж буй хичээл зүтгэлийн үр дүн гэж үзжээ. Төлөв байдлын хувьд нийт бэлчээрийн 51 хувь нь харьцангуй тогтвортой хадгалагдаж, 15 хувь нь сэргэж сайжирсан байна. Доройтлын зэрэглэлийн нарийвчилсан дүнгээс үзэхэд 2016 оны байдлаар нийт бэлчээрийн 57 хувь нь доройтоод байгаа юм.


Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ