Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжихэд 3,0 тэрбумыг төсөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-03-02 17:51:11

Хөдөлмөрийн сайдын тушаалаар шинэчлэн байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 99,5 мянган хүн байдаг нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлдэг. Эдгээр иргэдийнхээ ажиллаж хөдөлмөрлөх эрхийг нь хангахад Хөдөлмөрийн яам анхаарч, тодорхой бодлого барих шаардлагатай. Харин Хөдөлмөрийн сайдад мэргэжлийн зөвлөгөө өгөх, санал, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий зөвлөл байсан ч төдийлөн хангалттай сайн ажиллаж чадаагүй учир уг зөвлөлийн бүрэлдэхүүнийг нь шинэчлэн, үүргийг нь тодорхой зааж өгч шинэчилжээ. 

Зөвлөлийг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж бүрэлдэхүүнд нь яамны газрын дарга, холбогдох мэргэжилтнүүдээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоодын төлөөллийг багтаажээ. 

Зөвлөл анхны хуралдаанаараа зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмаа хэлэлцэж, УИХ-аар саяхан батлуулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн арга хэмжээний талаарх танилцуулгыг сонсч, 2016 оны ажлын төлөвлөгөөгөө эцэслэн баталлаа.

2013 онд хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд нийт 1,3 тэрбум төгрөгийг зарцуулж, 1180 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байнгын болон тусгайлсан ажлын байртай болсон бол 2014 онд 2349 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулж 1,7 тэрбум төгрөг зарцуулснаар 1576 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болсон. Өнгөрсөн  онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 2,7 тэрбум төгрөг гаргаж 3540 иргэнийг хамруулан 1988 байнгын ажлын байр бий болсон. Хөдөлмөрийн яамнаас хөгжлийн бэрхлээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжхэд чиглэсэн хөрөнгийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барьдаг бөгөөд 2016 онд нийтдээ 3,0 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ