Шинэ сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-31 15:44:01

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдахаар болсон. Тэгвэл энэхүү барилгын ажлыг албан ёсоор эхлүүлж, аймгийн удирдлагууд болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүд барилгын шавыг тавилаа.


“Боловсролыг дэмжих чиглэлээр 2017, 2018 онуудад аймгийн хэмжээнд багагүй ажлыг хийсэн. Үүний нэгэн жишээ бол энэхүү шинэ сургуулийг барьж буй явдал юм. Нөгөө талаар аймгийн төр засгийн зүгээс явуулж буй зөв бодлогын томоохон илрэл гэж үзэж байна. Аймгийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болох зорилтыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар болон аймгийн ЗДТГ-аас дэвшүүлсэн. Үүний хүрээнд хийгдэж буй томоохон ажил бол энэхүү шинэ сургууль юм. Хүүхэд багачуудад сурч хүмүүжих таатай орчинг бий болгохоор ажиллаж буй гүйцэтгэгч компанийн хамт олонд талархал дэвшүүлээд барилгын ажлыг чанартай, сайн гүйцэтгэн цаг хугацаанд нь хүлээлгэж өгөх ерөөлийг өргөе. Удахгүй маш сайхан сургууль бий болж, хүүхэд багачууд, тэнд ажиллах багш сурган хүмүүжүүлэгчдийг баярлуулна гэдэгт итгэж байна” хэмээн аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар нээлтийн үгэндээ онцоллоо.

Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд таван компани өрсөлдсөнөөс Улаанбаатар хотын Эм Би Би Си ХХК шалгарчээ. Барилгыг хоёр жилийн хугацаанд барьж гүйцэтгэн 2020 оны 01 дүгээр сарын 30-нд ашиглалтад хүлээлгэж өгөхөөр гэрээнд заажээ.

“Барилгын нийт төсөвт өртөг нь зургаан тэрбум төгрөг бөгөөд улсын төсвөөс энэ онд нэг тэрбум төгрөгийг шийдвэрлэж, ийнхүү ажлыг нь эхлүүлээд байгаа юм. Энэ жилдээ газар шорооны ажлууд хийгдэн ирэх хавраас барилгын үндсэн ажил эхлэнэ. Ерөнхийдөө бэлтгэл ажлууд бүрэн хангагдсан” гэж Эм Би Би Си ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Дүүрэнбилэг хэллээ.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 16 ерөнхий боловсролын сургуульд 11500 хүүхэд суралцаж байна.

 

 

Холбоотой мэдээ