Малын мэдээллийн нэгдсэн санг шинэчлэхэд 10 тэрбум төгрөг шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-30 15:57:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Мал тооллого, хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн асуудлаарх Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төсөл нь бэлчээр хамгаалах болон таримал ургамлын үр сортын тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх, тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх, үртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сангийн системийг шинэчлэх чиглэлээр Засгийн газар, ХХААХҮЯ-нд чиглэл болгох зорилготой юм.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сангийн системийг шинэчлэх ажил удаашралтай, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг анхааруулж байлаа. Мөн уг хуулийг хэрэгжүүлэхэд нийт хэчнээн төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгааг тодрууллаа.

Ажлын хэсгийн зүгээс, малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх, тодорхойлоход 27 тэрбум төгрөг, малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сангийн системийг шинэчлэхэд эхний ээлжинд 10 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэсэн тайлбар өглөө.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, Д.Эрдэнэбат гишүүн тогтоолын төсөлд “Сэлэнгэ аймгийн ургацын 50 хувийг бүрдүүлдэг Шаамар, Зэлтэр, Цагааннуур, Зүүнбүрэн сумыг холбосон 120 км замыг хатуу хучилттай болгоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлох” заалт нэмж тусгахыг хуралдаанд оролцсон гишүүд тус тус дэмжлээ.

Мөн Б.Бат-Эрдэнэ төслийн 6 дугаар заалтыг “Малыг зах зээлийн эргэлтэд оруулах, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, орон нутагт үйлдвэрийн аргаар мах бэлтгэх ажлыг өргөжүүлэх” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг олонх дэмжиж батлав.


Холбоотой мэдээ