Тавантолгойн ордуудын ашиглалтыг хүний эрхийн нөлөөлөлтэй хамт авч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2018-10-30 15:36:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс Тавантолгойн бүлэг ордын нүүрсний олборлолтоо жил бүр нэмэгдүүлж тэр хэрээр улсын төсвийн орлого зузаарч байгаа ч тэнд ажиллаж буй иргэдийнхээ эрүүл мэнд, хүний эрхийн асуудлыг орхигдуулсаар ирсэн талаар Хүний эрхийн Үндэсний комиссоос удаа дараа мэдэгдэж байгаа.

 


ХЭҮК-оос хийсэн судалгаагаар, “ТаванТолгойн бүлэг уурхайн олборлолт, тээвэрлэлтэд оролцогч төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа нь тэнд ажиллагчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, амьд явах, хөдөлмөрийн таатай нөхцөлөөр хангуулах, мэдээлэл авах, гомдол саналаа шударгаар шийдвэрлүүлэх зэрэг хүний эрхийг ноцтойгоор зөрчсөөр, цаашид даамжрах хандлагатай байна” гэсэн дүгнэлт гараад байна.


Тиймээс Тавантолгойн орд уурхайн ашиглалтыг хүний эрхийн нөлөөллийн асуудалтай хамт авч үзэх учиртайг иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, олон нийтийн зүгээс сануулж байна. Энэ талаар Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс хөндөн “Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж ба Хүний эрх” сэдвээр эдийн засагчид, хүний эрх болон байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна.


Хэлэлцүүлэгт ХЭҮК, Монголын Олборлох үйлдвэрлэлийн Ил тод байдлын санаачилга (ОҮИТБС), Монголын Байгаль орчны иргэний зөвлөл зэрэг байгууллагын төлөөлөл, эдийн засагч, судлаач, сэтгүүлчид оролцож Тавантолгойн ордын үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, Таван толгойн уурхайн ашиглалтыг хүний эрхийн нөлөөллийн асуудалтай хамт авч үзэх саналын талаар хэлэлцэж, хэвлэл мэдээлэл, олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлын төвд хандуулах юм.


Б.Болд

 

 

Холбоотой мэдээ