Орос, Америкийн дээд хэмжээний уулзалт ирэх сард Парис хотноо болж магадгүй

ХИЛИЙН ЧАНАДААС
nandintsetseg@montsame.gov.mn
2018-11-05 13:16:10
NandiaMontsame

Москва /МОНЦАМЭ/. АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Москва хотод ажлын айлчлал хийж байна. Түүний айлчлал 10 дугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд энэ хугацаанд тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, ГХЯ-ны сайд С.Лавров, БХЯ-ны сайд С.Шойгу болон ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Патрушев нартай уулзав.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Жон Болтоныг хүлээн авч уулзахдаа ОХУ, АНУ-ын харилцааны өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцоод АНУ-ын төрийн тэргүүнтэй ойрын хугацаанд уулзах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Тэрбээр “АНУ-ын тал Оросын эсрэг авч хэрэгжүүлж буй зарим хориг арга хэмжээ ямар ч шалтгаангүй, найрсаг бус байх нь элбэг. Ихэнх тохиолдолд манай тал хариу барьдаггүй. Гэсэн ч энэ бүгд үргэлжилсээр байна. Манай хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн онд 16 хувиар, энэ онд 8 хувиар өссөн. Хэдийгээр бага боловч өсөлт ажиглагдаж байна. Харилцан хөрөнгө оруулалт мөн нэмэгдэж байгаа. Саяхан бид АНУ бага болон дунд зайны пуужингийн хэлэлцээрээс гарахаар болсон тухай сонссон. Эдгээр болон бусад асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгчтэй ойрын хугацаанд уулзаж санал солилцвол илүү үр дүнтэй байх болов уу. Ирэх сард Парис хотноо болох Дэлхийн II дайн дууссаны 73 жилийн ойн арга хэмжээний үеэр Орос, Америкийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж болох юм” хэмээв.

Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон “Ерөнхийлөгч тантай дахин уулзаж анхаарлын төвд буй асуудлаар санал солилцож буйдаа баяртай байна. Ерөнхийлөгч Д.Трампд мөн Парис хотноо тантай уулзах таатай байх болов уу. Манай хоёр улсын үндэсний эрх ашгийн сонирхол өөр хэдий ч аль аль талдаа үр өгөөжтэй байх тэр цэгийг олж нээх нь нэн чухал” хэмээн онцолсон юм.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Ю.Ушаков В.Путин Жон Болтон нарын уулзалтыг дүгнэхдээ 11-р сарын 11-ний өдөр Парис хотноо болох Дэлхийн II дайн дууссаны 73 жилийн ойн арга хэмжээний үеэр Орос Америкийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар урьдчилан тохиролцсон тухай мэдээлэв.  

Холбоотой мэдээ