Ёланда Фернандез Ломмен: АХБ Монгол Улсын Засгийн газартай ирэх онд дөрвөн чиглэлд хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-22 21:29:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен Монгол Улсад ажиллаад гурав дахь жилтэйгээ золгоод байна. Тэрээр 2011 оноос эхлэн Монгол Улстай ажил амьдралаа холбосон хэмээн бидний яриа эхэлсэн юм.


-Та олон ястны өлгий нутаг болох Ховд аймагт АХБ-наас хэрэгжиж буй төслүүдтэй өнгөрсөн долоо хоногт танилцаад ирсэн. Төслийн талаар ямар сэтгэгдэлтэй  байна вэ?

-Миний хувьд анх удаа Ховд аймагт зочилж, АХБ-наас тус аймагт хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнтэй танилцаад ирлээ. Автозамын төслийн чанарын хувьд  сайн гүйцэтгэлтэй байна. Мөн бид орон нутгийн иргэдтэй уулзаж төслийн үр өгөөжийн талаарх санал сэтгэгдлийг нь сонссон. Зам харилцаа бол  хамгийн чухал зүйл. Баруун бүсийнхний хувьд төв хэсгээсээ алслагдмал, хөрш зэргэлдээ улс орны зах зээл рүү хүрэх дэд бүтцийн хувьд хүндрэлтэй. Харин Ховд нутагт энэ төсөл хэрэгжсэнээр алсдаа ОХУ, БНХАУ-ын Монгол Улсаар дамжин өнгөрөх худалдааны эргэлт сайжирч иргэдийн бизнес хөгжинө гэж харж байна.

Автозамын төслөөс гадна алслагдсан  баруун бүс нутагт цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах зорилго бүхий төсөл хэрэгжүүлсэн. Тус аймгийн Цусны  төвд дээрх төслийг хэрэгжүүлснээр цус цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, бэлэн байдлыг хангахад дэвшил гарсанд сэтгэл хангалуун байна.  Хамгийн гол нь автозам, эрүүл мэндийн төсөл бие, биенээ дэмжиж буй  нь сайхан санагдлаа.  Шинэ автозам  барьснаар иргэд эмнэлгийн үйлчилгээг  шуурхай хүртэж, олон хүний  нас аврах нөхцөл бүрдсэнд таатай байна. Аливаа төслийг санаачлахаас эхлээд  маш урт  хугацаа шаарддаг. Зарим зүйлээс шалтгаалан хугацаа алдаж удаашрах нь ч бий. Гэхдээ эдгээр төслүүдийн хувьд  бодитоор хэрэгжиж үр дүнгээ өгснийг харахад маш сайхан мэдрэмж төрсөн.


-АХБ Монгол Улсын маш олон салбарт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн. Гэхдээ бид үүнийг хийчихлээ хэмээн сурталчилдаггүй.Тоочвол нэлээн олон төсөл ярих байх. Эндээс эрүүл мэндийн салбарыг онцолбол?


- Өнөөг хүртэл АХБ Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нийт 132.55 сая ам.долларын тусламж үзүүлсний дотор 84.9 сая ам.долларын зээлийн таван төсөл, 37 сая ам.долларын буцалтгүй тусламжийн долоон төсөл, 10.65 сая ам.долларын техник туслалцааны 15 төслийг хэрэгжүүлээд байна.


-Ирэх онд  АХБ-наас Монгол Улсын ямар салбарт хөрөнгө оруулахаар зэхэж байгаа вэ?


-АХБ Монгол Улсын Засгийн газартай 28 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Төслүүдийн хувьд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл, зүй тогтолтой уялдан хувьсаж ирсэн гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд бид маш олон төслүүдийн ард гарсан. Монгол Улсын Засгийн газартай  дөрвөн чиглэлд  хамтран ажиллахаар төлөвлөж буй бөгөөд эцсийн шийдвэр энэ сарын сүүлчээр гарна. Тухайлбал Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарна. Өөрөөр хэлбэл баруун бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах замаар эрчим хүчний эх үүсвэрийг тэлнэ гэсэн үг. Мөн цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн нэмэлт санхүүжилтийг шийднэ. Улмаар   жендерийн тэгш эрх, элдэв хүчирхийлэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэгт анхаарна. Түүнчлэн  Улаанбаатар хотод   төлбөрийн чадвар, орлогод  нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа. Эдгээр орон сууцны хувьд  орчны бохирдол багатай эко гэдгээрээ онцлогтой. Мөн  Монгол Улсын эдийн засгийг бэхжүүлэхэд цаашид татварын орчныг сайжруулах шаардлага бий. Энэ хүрээнд багц ажлууд хийхээр төлөвлөсөн.  Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол их. Энэ хүрээнд өмнө нь хэрэгжүүлж байсан төсөл үргэлжилнэ. Улмаар  шинэ  салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцаж байна. Тухайлбал  Монгол Улсын Засгийн газартай хамтран тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг ирэх онд баталж  хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Өмнө нь Монгол Улсын хилийн боомт, түшиц хотуудтай  холбоотой төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ирсэн. Энэ хүрээнд Алтанбулаг, Замын үүд, Гашуун сухайт, Бичигт зэрэг боомтын  хил дамнасан олон улсын худалдааг шуурхай болгох, гар ажиллагааг  багасган аль болох мэдээлэл технологид суурилсан нөхцлийг бүрдүүлэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ.


-Ирэх жилүүдэд автозам, эрүүл мэндийн салбарт хэр анхаарлаа хандуулан ажиллах вэ?

-Мэдээж автозамын салбарт өрнөж буй төсөл, хөтөлбөрүүд үргэлжилнэ. Автозамын хувьд Улаанбаатар- Алтанбулагын замыг  шинэчлэн сайжруулах төсөл ирэх жил хэрэгжинэ. Эрүүл мэндийн салбар нь  бидний хувьд хамтын ажиллагааны чухал салбар хэвээрээ байх болно. Энэ хүрээнд Улаанбаатар хотод орчин үеийн шинэ эмнэлэг  барих,  Ховд аймаг дахь оношлогоо эмчилгээний төвийн өргөтгөл шинэчлэлийн ажил хийхэд хөрөнгө оруулна.




-Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийн үр дүнгийн талаар та юу хэлэх вэ?

-Азийн хөгжлийн банкны удирлагын түвшинд батлуулахын өмнө мэдээж төсөлтэй холбоотой эдийн засгийн үр өгөөжийн урьдчилсан судалгаануудыг хийж бусад тооцооллуудыг гаргадаг. Төсөл хэрэгжсэний дараах бодит байдлаа эргээд харахад эдийн засгийн үр өгөөжийн түвшин бидний төсөөллөөс  давсан нь  олон бий.


-Улаанбаатар хотын хувьд тулгамдаж буй асуудал бол агаар, хөрсний  бохирдол. Нийслэлчүүд утаан хөшигтэйгээ золголоо. Та ирэх онд агаарын бохирдлыг бууруулахад анхаарна гэж  дээр хэлсэн. Энэ тухайд?


-Агаарын бохирдлыг бууруулахад урт хугацаа шаардлагатай. Утаатай тэмцэхэд зохицуулагдаагүй хууль эрхзүйн баримт бичгийг боловсруулахад дэмжлэг үзүүлнэ. Мөн хагас кокосжсон түлш буюу түүхий нүүрснээс 70 хувиар бага утаа гаргадаг түлш үйлдвэрлэж, гэр хорооллын иргэдэд түгээх юм.  Улмаар уушгины хатгаа бусад амьсгалын замын өвчлөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бага насны хүүхдүүдийг вакцинжуулна. Энэ ажлыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлнэ.


-Монгол Улсад хэрэгжүүлсэн төслүүдийн зээлийн эргэн төлөлт ямар байгаа вэ?


-Төслийн эргэн төлөлт хоцрогдолгүй явж байгаа. Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн.


-Улаанбаатар-Дархан-Алтанбулаг болон Өвөрхангай чиглэлийн замыг шинэчлэхэд АХБ нэмэлт санхүүжилт гаргахаар ажиллаж байгаа гэсэн. Энэ ажил хэр ахицтай байгаа вэ?


-Дээрх замын  эхний ээлжийн санхүүжилтийн шийдвэрийг  өнгөрсөн  наймдугаар сард манай банкны зүгээс гаргасан. Гэвч энэ зун их бороо орсноос үүдэн дээрх замд нэмж нэлээн эвдрэл үүссэн. Арвайхээрийн  65 километр  зам нэлээн  эвдэрсэн. Тиймээс эдгээр замын нөхцлийг сайжруулах чиглэлээр нэмэлт санхүүжилт хийхээр ажиллаж байна. 2019 оны эхээр  шийдвэр нь бүрэн гарах байх. Эхний хэсэг буюу Дархан- Алтан булаг чиглэлийн хувьд ирэх оны гуравдугаар сар гэхэд төслийн гарааны ажлууд эхлэх болов уу. Цаашлаад санхүүжилт, зохион байгуулалтын ажил саатахгүй бол ирэх жилдээ багтаж төслийн ажил өрнөнө. 

Холбоотой мэдээ