Монголоо алдаршуулсан олимпийн баатрууд

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-17 00:35:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Одоогоос хагас зуун жилийн тэртээ буюу 1968 оны Мехикогийн олимпийн наадмаас эхлэн Монгол Улсын Алтан соёмбот Төрийн далбааг олимпийн тэнгэрт мандуулсан 25 монгол хүн тодроод байгаа билээ.


Энэхүү түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Монголоо алдаршуулсан олимпийн баатруудтай хийсэн ярилцлага, нийтлэлийг он дарааллаар нь цувралаар хүргэж байна. 


13.   1992   Барселон Намжилын Баярсайхан


                                                                 Бүх үед л манай боксчид шилдэг байж


“Барселон-1992” олимпийн наадмын боксын 60 кг жинд хүрэл медаль хүртсэн, Ази тивийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Намжилын Баярсайхан 1965 онд Завхан аймагт төрсөн. 1998 онд Цагдаагийн академи, 2004 онд Удирдлагын академи төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Тэрбээр Монголын боксчдоос олимпийн медаль хүртсэн хоёр дахь тамирчин бөгөөд Монголын олимпийн медальтнуудын 13 дахь нь билээ.


Н.Баярсайхан 1989, 1991, 1992 онуудад дэлхийн шилдэг боксчдын жагсаалтанд 3 удаа бичигдсэн Монгол боксчин. Тэр 1987 онд Кувейт, 1989 онд БНХАУ-д болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж Ази тивийн хошой аварга болсон амжилтаараа анхны тивийн хошой аварга Ардын багш Х.Алтанхуяг багшийнхаа амжилтыг давтсан боксчин юм. Тэр бас Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд 1989  ( Москва), 1991 (Сидней) онуудад хоёр удаа шалгарсан байна.


Тэрбээр Монгол Улсын хоёр удаагийн аварга бөгөөд УАШТ-ий хоёр мөнгө, гурван хүрэл медальтай, Монгол Улсын залуучуудын аварга, Улаанбаатарын “Интернациональ” олон улсын тэмцээний таван удаагийн аварга. Мөн 1989, 1990 онд Чехийн Устина Лабегийн олон улсын тэмцээний мөнгө, БНАСАУ-д болдог олон улсын тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, хуучин ОХУ-ын олон улсын тэмцээнээс 2 мөнгө, Филиппинд болсон Олимпийн наадамд эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн юм.


Барселоны олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан 2008 оноос Монголын олимпийн медальтнуудын холбоо /МОМХ/-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.


МОМХ нь Монгол Улсад олимпизмын үзэл санааг сурталчилах, олимпийн их наадамд оролцсон тамирчид, олимпийн медальтнуудаа алдаршуулан таниулах залуу үеийг биеийн тамир  спортоор хичээллэх хүсэл сонирхлыг төрүүлж, олимпийн медальт цөөн хэдхэн хүнийхээ гавьяа зүтгэлийг үнэлж, тэдний амжилтын төлөө явсан их туршлага, хүсэл зориг, үлгэр дууриаллыг хойч үеийнхэнд өвлүүлэн уламжлуулах, мөн алдрыг нь мөнхжүүлэх зорилгоор 2008 оны 4 дүгээр сард байгуулагдсан юм.



Анх МОМХ-г Москвагийн олимпийн хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Равдангийн Даваадалайн санаачилгаар байгуулж, холбооны Ерөнхийлөгчөөр нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, Үндэсний бөхийн Дархан аварга Жигжидийн Мөнхбат агсан сонгогдон ажиллаж байв.


Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд МОМХ-ны хийсэн болон санаачилсан ажлуудаас онцлон дурдвал, Олимп, ДАШТ, Азийн наадам, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдын хөрөг бүхий медалиар үзэсгэлэн гаргаж ард түмэндээ олимпийн алт, мөнгө, хүрэл медалийг ойроос үзэх, мөн зургаа авахуулах боломж олгосноор нь тус холбоо ажлынхаа гарааг эхлүүлсэн түүхтэй.


Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Зэвэгийн Ойдовын санаачилгаар Олимп, ДАШТ-ий медальт тамирчдыг насан туршийн мөнгөн урамшуулалтай болгох ажлыг санаачилж, төр засагт уламжилсаны үр дүнд 2013 оноос эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Олимпийн аваргад сард 4 сая төгрөг, мөнгөн медальтанд 3 сая, хүрэл медальт тамирчинд 2 сая төгрөг,  ДАШТ-ий алтан медальт тамирчинд 2 сая, харин мөнгөн медальт тамирчинд 1 сая, хүрэл медальт тамирчинд 500 мянган төгрөгийн цалинтай болгосон монгол түмний талархалыг хүлээсэн төдийгүй тамирчин хүний хөдөлмөрийг шударгаар үнэлсэн том хөрөнгө оруулалт болсон билээ.


Үүнээс гадна тамирчдад амжилтаа улам ахиулах урам зориг өгсөн. Мөн шинэ залуу тамирчдыг спортоор тууштай хичээллэж олимп, дэлхийн медальтан болох их хүсэл эрмэлзлэлийг нь бадраасан гэдгээрээ онцлогтой чухал шийдвэр болсон юм.


Монголын тамирчид олимпийн наадмаас анхлан медаль хүртсэний түүхт 50 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү түүхт ойн хүрээнд олимпийн их наадмыг ирдээдүй хойч үедээ сурталчилан таниулах зорилгоор олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдын хөргөөр зоосон мөнгө хийх, цуврал маркыг худалдаанд гаргах, алдартай олимп, дэлхийн аваргын медальтнууд болон дасгалжуулагч багш нарын тухай ном хэвлэх, олимпийн медальтнуудын хувцас болон эд зүйлсийг Үндэсний түүхийн музейд тавьж, гадна, дотнын жуулчдад сурталчилан алдаршуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Энэ сайн үйлсийн төлөө олимпийн хүрэл медальт Н.Баярсайханы оруулсан хувь нэмэр, санаачлага, зүтгэлийг олимпийн медальтан нөхөд нь үнэлдэг.


Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны гэргий Ж.Наранцэцэг: "2008 оны оны эхээр олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин, боксчин Н.Баярсайхан санаачилж олимпийн медальтнууд болон бурхан болсон медальтнуудын ар гэрийнхэнтэй нь уулзаж гарын үсэг цуглуулаад Монголын олимпийн медальтнуудын холбоог байгуулсан. Ямар ч санхүүжилт байхгүй өөрийн сэтгэлээрээ энэ холбоог байгуулсан боксын Н.Баярсайханд үнэхээр талархаж байдаг. Энэ холбоог байгуулсаны дараахан олимпийн анхны аварга төрж, олимпийн медальтнуудын эгнээ өргөжсөн нь их билэг дэмбэрэлтэй үйлс болсон гэж боддог. Тэгээд манай олимпийн медальтнуудаас бурхан болсон хүмүүсийнхээ алдрыг мөнхжүүлж хөшөө босгох санааг Н.Баярсайхан гаргаж байлаа” хэмээн ярьсан юм.


Гавьяат тамирчин Н.Баярсайхан нэгэн ярилцлагадаа: “Олимпийн медальт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хүн 2 өрөө байранд үр хүүхдүүд нь томорчихсон 10 хэдүүлээ амьдарч байна. Зарим нь орон байр ч үгүй явж байна. Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Хойлогдорж гэдэг агуу хүн Налайхад уурын зууханд ажиллаж байна гэж зурагтаар гарч байсан. Ер нь хэцүү л байна даа. Хүний амьдрал богинохон. Эднийгээ баярлуулах л хэрэгтэй. Бид олимп гэхгүй, дэлхий, тивээс медаль авсан хүмүүсээ үйл ажиллагаандаа хамруулна” хэмээн ярьсан байдаг.


Тиймээ, олимпийн хүрэл медальт Н.Баярсайхан улс орныхоо нэрийг олимп, дэлхийн тавцанд мандуулж явсан цөөн хэдхэн тамирчдынхаа ирээдүйн амьдралыг баталгаажуулахын төлөө сэтгэл, зүтгэл гаргаж яваа хүн билээ.

 

Тэртээ 26 жилийн өмнө 1992 оны Барселоны XXY зуны олимпийн наадмын нээлтийн ёслолд Монгол Улсынхаа Төрийн далбааг Дархан аварга Б.Бат-Эрдэнэ өргөж жагссан юм. Харин Барселоны олимпийн хаалтын ёслолд энэ олимпийн  наадмаас багаасаа медаль хүртсэн хоёр тамирчны нэг, боксчин Н.Баярсайхан Төрийнхөө алтан соёмбот далбааг өргөж жагссан түүхтэй билээ.



Түүний Барселоны ринг дээр өрсөлдсөн 60 кг жинд 32 боксчин хүч үзсэн бөгөөд олимп, дэлхийн аварга Кубын тамирчин Гонзалес, ОХУ болон Болгарын гээд хүчтэй олон шилдэг боксчид энэ олимпод ирж тулалдсан. Манай тамирчны эхний тойрогт тоглох тамирчин эмчийн магадлагаагаар хасагдсан юм.  Хоёрдугаарт тойрогт Пан Америкийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж олимпийн эрх авсан Гватемалын залуу боксчинтой таарч 16:0 гэсэн оноогоор ялсан юм.


Олимпийн хагас шигшээ тоглолтод Танзанийн тамирчинг 9:6 гэсэн оноогоор ялж хүрэл медалийн эзэн болсон түүхтэй. Тэр олимп, дэлхийн аварга Гонзалесыг хожсон Болгарын тамирчинг ялж Баярсайхантай хүч үзэн ялагдсан гэхээр бас л шаггүй сайн боксчин байсан юм.


Барселоны олимпийн ринг дээр Монгол Улсын зургаан тамирчин эрх авч оролцсон бөгөөд дөрөв нь Ази тивийн АШТ-ээс медаль авч олимпийн эрх авсан. Үүний дараа Филиппинд болсон олон улсын тэмцээнд алт, мөнгөн медаль хүртсэн тамирчдад эрх олгоход манай хоёр боксчин эрх авч Барселоныг зорьсон билээ. Харин тэднээс Н.Баярсайхан ганцаараа олимпийн хүрэл медаль хүртсэн юм.


Одоогоос хэдэн жилийн өмнө Н.Баярсайхан гавьяаттай хийсэн ярилцлагаас та бүхэнд сонирхуулж байна.


-Олимпийн хүрэл медалийн болзол хангаад зогсож байхад ямар сэтгэгдэл төрж байсан бол?


-Тухайн үед миний бэлтгэл сургуулилт их сайн хангагдсан байлаа. Дэлхийд өөрийн жиндээ шилдэгт орж байсан ОХУ, Куба, Германы гээд ямар ч сайн боксчинтой хүч үзэхэд бэлэн, өөртөө их итгэлтэй байсан. Ази тивийн хошой аварга болчихсон, ДАШТ-д хоёр ч удаа шагналт байранд орсон. Олон улсын олон тэмцээнд тэр шилдгүүдтэй тоглож өгөө аваатай л байсан үе. Заримынх тоглолтыг нь харж байсан болохоор олимпийн наадамд хүч үзэхэд сэтгэл зүйн хувьд бэлэн байжээ. Харин тухай үед манай улсын хувьд зах зээлд дөнгөж шилжээд байсан болохоор эдийн засгийн хувьд хүндхэн байв. Долоо хоногт нэг удаа дөрвөн хүний дунд Германы ч бил үү шилтэй компот өгч байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Тухайн үедээ тамирчиддаа дандаа мах идүүлээд байлгүй, жимс ногоо идүүлъе гэж л компот өгдөг байж. Тэгэхэд бид компотоо гэрийнхэндээ аваачиж амсуулдаг байж билээ.


-Таны жинд хүч үзэж, хамтдаа бэлтгэл хийж нэгнээ хурцалдаг боксчид тухайн үед олон байсан байх шүү?


-Тиймээ, 60 кг бол бокс төдийгүй манай чөлөөт бөх, жүдочдоос олон тамирчин олимп, дэлхий, тивийн медальтан болсон байдаг. Миний жинд намайг хурцалж байсан Лханаажавын Батбаяр, Отгонбилэг, Д.Ганбаатар, Ц.Амаржаргал, Н.Энхбат гээд эн тэнцүү олон шилдэг тамирчид байлаа. Бэлтгэлээ тогтмол хийхгүй л бол хэнийг нь ч хожино гэж байхгүй. Бид тухайн үед маш их бэлтгэл хийж өдөрт 2-4 кг хөлс гаргаж, ядаргаанд ортлоо л хоорондоо байнга л тоглож нэгийгээ хурцалж байлаа. Ийм сайн өрсөлдөгчид байгаагүй бол би ийм амжилтад хүрэхгүй. Чин сэтгэлээсээ энэ нөхөддөө л талархаж явдаг даа. Өнөөгийнх шиг спортын анагаах ухаан тийм сайн хөгжөөгүй байсан. Тухайн үед бидэнд бэртэл гэмтлээс болгоомжил, бэлтгэлээ сайн хий гэдэг л шаардлага тавьдаг байлаа.


-Хөмсөг задарснаас болж олимпийн хүрэл медаль авсан даа харамсдаг уу?


-Мэдээж тэгж бодох үе байлгүй яахав. Тухайн үед тоглож байгаад хөмсөг задарчихсан болохоор яалт ч үгүй эмчийн магадлагаагаар зогсоосон болохоор Германы тамирчинд ялалтыг өгсөн. Эмч шүүгч нь герман хүн байсан. Миний хөмсөгийг оёчихоод, наалт тавиад багштайгаа, Болд дарга, Ж.Отгонцагааны хамт тэр шүүгчид хандаж тоглолтоо үргэлжлүүлэх санал тавихад огт зөвшөөрөөгүй. Харин 75 кг-д тоглосон Германы тамирчны хөмсөг задрахад нь оёчихоод л үргэлжлүүлэн тоглуулсан. Тэр цаашаа тоглосоор байгаад олимпийн аварга болж байсан. Тэгэхээр магадгүй намайг тоглуулахыг хүсээгүй л юм болов уу гэж боддог. Олимпийн мөнгөн медалийн төлөө тоглосон тамирчинтай би өмнө нь хоёр удаа нутагт тоглохдоо эхлээд ялсан, дараа нь хожигдсон юм. Харин тэр Дэлхийн аварга болчихоод байсан.    


-Улсын шигшээ багт хэдэн жил алба хаасан билээ?


-1984-1993 он хүртэл шигшээ багт байсан. Би анх боксын спортод хөл тавьсан харъяаллаараа цагдаагийн Хүч нийгэмлэгийн үндсэн тамирчин байлаа. Тухайн үед болдог бүх тэмцээнд л оролцсон. Тэр үед ДАШТ дөрвөн жилд нэг удаа болдог байлаа. Харин 1989 оноос хоёр жил тутамд зохион байгуулдаг болсон. Румын, Унгар, Финланд, Польш, ОХУ, Герман, Чех, Болгар зэрэг Европын орнуудад болон Куба, Тайланд, Филиппин гээд гадаадын олон оронд жил болгон л очиж тоглож байлаа. Боксын спорт толгойн хамгаалалтгүй байхад үнэхээр эр зориг шалгасан ширүүн тулаан болдог байж. ОХУ-д тухайлбал, Казахстан, Узбекстанд хамтарсан бэлтгэл байнга л хийдэг байсан.


-Гадаадад тэмцээнд оролцож явахад янз бүрийн сонин зүйл, хөгтэй явдал тохиолдож байсан л биз дээ?


-1987 онд Кувейт улсад Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Миний хувьд анх удаагаа хөрөнгөтөн оронд очсон нь тэр байх. Тэгээд л Арабын оронд газар их хөдөлнө, ус байдаггүй, дайн байлдаан болдог гэсэн ойлголтой байсан. Тэгээд л бид нар чинь Москвагаас баахан рашаан, ус, хатаасан загас, идэж уух юм аваад л Кувейтын хил дээр очлоо. Тэгсэн бүгдийг нь хураагаад авчихсан. Та нар санаа зовох зүйл байхгүй, манайд бүгд байгаа гэж байна. Үнэхээр бүх юм элбэг хангалуун, баян орон юм билээ. Бид Кувейтэд их гоё, тохилог буудалд буугаад биширч байлаа. Кувейтын нэг динар нь дөрвөн ам.доллартай тэнцдэг. Зочид буудалд хүмүүс нь маш их доллар солилуулж байхыг хараад ямар нь ийм баян байдаг юм болоо гэж бид хоорондоо ярьж гайхаж байж билээ. Тэнд анх удаагаа их сонин зүйл ажигласан. Ам.долларыг машинд хийж тоолж шалгаад л хуурамчийг нь шууд л машин нь хэрчээд хаячихдаг юм билээ. Тэгээд хэрчсэн ам.долларуудаа дугтуйнд хийгээд банкны тамга дараад өгч байхыг харсан. Бид нар яахав 30-40-хөн ам.доллартай болохоор тэнд солиулвал хэрчээд хаячихвал юу ч үгүй хоцорно гэж айгаад зах дээр очиж солиулж байж билээ. Арабууд их мах иддэг, гаднаас маш сайн чанарын хүнс авчирч хэрэглэдэг их л тансаг хүмүүс болохыг харсан. Кувейт хүн бол ер нь хар бор ажил хийдэггүй юм билээ. Тухайн үед бидэнтэй хэдэн арабууд ирж уулзаад л судсаа харуулаад "Монгол, монгол"  гээд байсан. Тэр үед бид юу ч ойлгоогүй. Одоо эргээд бодоход монголчуудын үр сад байна, бид "монгол цустай"  гэж л хэлээд байж. Тэр үед Кувейтэд манай ЭСЯ ч байсангүй, биднээс өмнө монгол хүн тэнд бараг ирж байгаагүй болов уу.


-Кувейтэд болсон Ази тивийн аварга болж байснаа эргэн дурсана уу?


-Энэ Азийн АШТ-д оролцох үед бяртай, омголон байж. Х.Баянмөнх аварга нэг удаа хэлж байсан даа. "Бяртай, хүчтэй, аагтай байхад байшин, барилга хүртэл жижигхэн харагдаад байдаг"  гэдэг шиг л бяр амтагдсан ид үе байсан. Би дөрвөн тоглолт хийхэд гурвыг хүнд цохилтоор ялж, нэгийг нь хүч техникийн давуугаар ялсан. 1987 оны Ази тивийн АШТ-д Ази тивийн шилдэг тамирчны шагналыг хүртсэн. Энэ тэмцээнд Монголоос бид гурвуулаа очиж оролцсоноос би Ази тивийн аварга болсон, Н.Энхбат, Ц.Амаржаргал хоёр мөнгөн медаль хүртэж багаараа дөрөвдүгээр байрт орсон. Дараа нь 1989 онд Бээжинд 10-уулаа очоод Энхбат бид хоёр Ази тивийн аварга болж, Дэмбэрэл мөнгөн медаль, таван тамирчин хүрэл медаль хүртэж манай баг хоёрдугаар байр эзэлсэн. Энэ бол эх орондоо биш гадаад оронд Ази тивийн АШТ-д багаараа хоёрдугаар байр эзэлсэн гэдгээрээ үнэхээр л түүхэн том амжилт байв. Тэр жилээ бид Москвад болсон ДАШТ-д медаль аваагүй ч хожсон тоглолтын онооны дүнгээр багаараа 10 дугаар байрт орж байлаа. Энэ бол том амжилт.


-1991 оны ДАШТ-д тактикаа буруу боловсруулснаас хожигдож байсан гэдэг энэ тухай эргэн дурсана уу?


-Би 1987, 1989, 1991 оны гурван ДАШТ-д оролцсон. 1991 онд Сидней хотноо болсон ДАШТ-д хүрэл медалийн төлөө Румын улсын тамирчинтай тоглосон. Энэ тамирчин тэр жилээ Европын аварга болж шилдэг боксчны шагнал хүртсэн байсан. Түүнийг багш бид хоёр хэт үнэлж буруу тактикаар тоглож хожигдсон нь миний л буруу гэж боддог. Энэ тамирчинтай эхний раунд санаачлага гаргалгүй тоглосноор оноогоор хожигдож, хоёрдугаар тойрогтоо эн тэнцүү тоглож, сүүлийн раунд түүнийг хожсон ч түүнд ялалтыг өгсөн. Одоо үүнд харамсаад ч яахав. Тэр ДАШТ-д манайхаас Цогтжаргал, Д.Лхагваа бид гурвуулаа медалийн төлөө тоглож ялагдсан. Гэхдээ ялсан тоглолтын оноогоороо 80 улсаас XVI байранд орсон маань том амжилт байлаа. Тэр үед их цөөхөн орны тамирчид л медаль хүртдэг байлаа. Өнөөдөр малгайтай, зөөлөвчтэй зузаан бээлийтэй тоглох болсноор олон задаргаа бий болж, дүрэм өөрчлөгдөн өнөөдөр олон орны боксчид эн тэнцүү өрсөлдөх болжээ. Азид гэхэд л Филиппин, Тайланд, БНСУ, БНАСАУ-аас л дэлхийд хүч үздэг байлаа. Тэр үеэд Хятад, Японы боксчин сураггүй байсан. Харин Японоос 1964 оны олимпоос нэг медаль авсан юм билээ. Бидний өмнөх болон бидний үед манайд бокс их сайн хөгжсөн төдийгүй улсаас ч их анхаарч дэмждэг байлаа. Ер нь үе үеийнхэн өөрсдийн үеэ магтдаг шүү дээ. Миний үеийн Н.Энхбат, Ц.Амаржаргал, Батбаяр, Нарантуяа, Дэмбэрэл, Ганбаатар, Мөнхжаргал гээд олон шилдэг тамирчидтай байсан болохоор бид өөрсдийгөө анхдагч алтан үеийнхэн гэж боддог. Мөн бидний өмнөх үе, одоогийн залуус бас тэгж бодож байгаа. Бүх үед л манай боксчид шилдэг байж.



-Монголоос олон шилдэг дасгалжуулагч БНХАУ-д дасгалжуулагчаар ажиллаж олон шилдэг тамирчид төрүүлсэн байх шүү?


-Тэр бол түүх. 1989 онд Хятадад болсон Азийн АШТ-д очиход нэг өвөрмонгол Цэцэн гэж нөхөр /удалгүй тэр ӨМӨЗО-ы шигшээ багийн дасгалжуулагч болсон/ л ар монголчуудаар бокс заалгая, Өвөрмонголд бокс хөгжүүлмээр байна гэдэг байсан. Та нарын авчирсан хивсийг зарж өгье гээд л ирдэг байлаа. Тэгэхэд манай багш нар наад нөхөр чинь тагнуулч байж мэднэ, хулгайч ч юм бил үү болгоомжтой байгаараа гэж хэлдэг байж билээ. Тэгээд бид нутагтаа ирээд удаагүй байтал үнэхээр Өвөрмонголоос урилга ирж Х.Алтанхуяг багш дасгалжуулагчаар очиж байлаа. Тэгээд манай багшаар бокс заалгасан Өвөрмонголын Чулуун гэж боксчин 1992 оны олимпийн эрх авсан. Тэр тамирчин олимпоос медаль авч чадаагүй л дээ. Гэхдээ энэ бол өвөрмонголд боксын спорт хөгжүүлэхэд манай багш нар хувь нэмрээ оруулсны тод жишээ. Харин түүний шавь /ээж нь өвөрмонгол, аав нь хятад хүн/ Бээжингийн 2008  оны олимпийн наадмаас алтан медаль авсан. Хэрвээ Х.Алтанхуяг багш Өвөрмонголд очоогүй бол ийм боломж гарахгүй л болов уу. Тэгэхээр манай багшийн шавийн шавь нь олимпийн аварга төрүүлсэн хэрэг. БНХАУ боксыг үнэхээр мөнгөөр зодож хөгжүүлсэн. Хятад манай улстай хил залгаа нутагтаа манайхаас, харин Шиньжан, Уйгур талдаа Казахстан, Узбекстанаас, төв хэсгийн хот, мужууддаа ОХУ, Куба багш, дасгалжуулагч авсан. Өмнөд хэсгийн муж, хотуудад Тайланд, Филиппинээс багш авч боксыг улс орны хэмжээндээ жигд маш хурдтай хөгжүүлж чадсан. Одоо бол хятад өөрийн гэсэн боксын сургуультай болж хүчээ авчихлаа. Үүний зэрэгцээ шүүгчээ ч бэлтгэсэн. БНХАУ спортод үнэхээр их мөнгө зориулсаны үр дүнд амжилтаараа дэлхийд тэргүүлэх болж дээ.

Холбоотой мэдээ