“F-35” загварын онгоцуудаар нислэг үйлдэхийг хориглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-12 13:44:04

ВАШИНГТОН. /ТАСС/. Есдүгээр сарын сүүлээр Америкийн Өмнөд Каролина муж улсад “F-35B” сөнөөгч онгоц сүйрсэнтэй холбоотойгоор сөнөөгч онгоцуудын хөдөлгүүрүүдийн ажиллагааг шалгах зорилгоор тус улсын Батлан хамгаалах яам тав дахь үеийн сөнөөгч-бөмбөгдөгч “F-35” онгоцуудаар нисэхийг хориглосон байна. Энэ тухай Блүүмберг агентлаг пүрэв гарагт мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, “Өмнөд Каролина муж улсын Бьюфорт тойрогт сүйрсэн “F-35B” сөнөөгч онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгах ажлын явцаас хүлээж авсан мэдээлэлд үндэслэн шалгалтыг эхлүүлжээ”. Хяналт шалгалт “ойрын 24-48 цагт дуусах төлөвтэй байна” гэж Пентагоны төлөөлөгч хэлсэн байна.

F-35B” сөнөөгч онгоц есдүгээр сарын 28-нд Өмнөд Каролина муж улсад АНУ-ын Зэвсэгт хүчний Тэнгисийн явган цэргийн корпусын агаарын баазаас холгүй газарт унасан бөгөөд нисгэгч нь онгоцноос шидэгдэж /катапульт/ амжжээ.

Телевизийн “CNN” сувгийн мэдээлснээр, энэ нь шинэ үеийн F-35” загварын бүх сөнөөгч онгоцоор нислэг үйлдэх үед нисэх онгоц сүйрсэн анхны тохиолдол аж. Гэхдээ туршилтын нислэгийн үед хөдөлгүүр шатах зэрэг янз бүрийн гэмтэл нэг бус удаа гарч байжээ. 

Холбоотой мэдээ