Дотуур байранд зургаан настнуудад зориулж өрөө тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-10 12:08:39

Ховд/МОНЦАМЭ/.Хөдөөгийн сургуулийн зургаан настай бяцхан сурагчдад гэрээсээ хол, дотуур байранд амьдрах эсвэл ах дүү хамаатныдаа амьдарч гэрээ санахаас эхлээд бэрхшээл их гардаг байдлыг шийдэх зорилгоор тэдэнд зориулж өрөө тохижуулжээ.  

Ийм нэгэн жишээ Ховд аймгийн  төвөөс 300-аад км-ийн алсад орших  Алтай сумын 12 жилийн ерөнхий боловсролын сургуульд буй болж. Сургуулийн захиргаа хөдөөнөөс аав,ээжээсээ дөнгөж холдоод байгаа зургаан настай хүүхдүүдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж “Зургаан настны өрөө” тохижуулж,тэд хичээлээ хийж, дуртай тоглоомоор тоглож наадаж байна. Хүүхдүүд аль хэдийнээ бичиг үсэг, тоо сурч, сурагчийн амьдралдаа дасаж эхэлжээ.

Зургаан настнуудын анги даасан багш Т.Бямбасүрэн “Зургаан настай хүүхэд дөнгөж аав,ээжээсээ холдоод багшийн гар дээр ирдэг.Өөрийн бодол саналаа шууд илэрхийлдэг. Зарим нь хичээлий үеэр нүднээс нь нулимс цийлэгнэж аав, ээжээ санадаг нь илт, өхөөрдмөөр байдаг. Ийм үед нь толгойг нь илж, урамшуулж аав, ээж нь удахгүй ирж уулзана гэх мэтээр ээжийнх оронд ээж болж энхрийлэх үед  аяндаа тайвширдаг” гэж ярилаа.

Малчдын хувьд зургаан настай хүүхэддээ боловсрол эзэмшүүлэхэд ар талын гэр бүлд нийгмийн олон асуудал тулгамддаг бөгөөд ээж нь хүүхдээ дагаад сумын төвд ирж, аав нь хэдэн малтайгаа хөдөө  амьдардаг дүр төрх нийтлэг аж. 

                                                                                                                                                                                                             А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ