“Экспо Монголиа-2018”-д Чех улсаас 13 томоохон компанийн төлөөлөл оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Мишээл Экспо” төвд өнөөдөр нээлтээ хийсэн “Экспо
Монголиа-2018”-гийн 6 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн-худалдаа энэ жил
тэргүүний дэвшилтэт технологийг хөрөнгө оруулалттай холбосон уриан дор болж
байна.
Монгол Улсын Засгийн газар, Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, тус улсын Хүнд машин, механизмын үйлдвэрлэгчдийн Холбоо хамтран зохион байгуулж буй энэ удаагийн “Экспо Монголиа-2018” үзэсгэлэнд Чех, Герман, Итали, БНСУ, БНХАУ зэрэг 10 гаруй орны 50 гаруй үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгэмийн дэд дарга Л.Болд, Монгол Улсад суугаа ХБНГУ-ын Элчин сайд Штефан Даппель нар нээлтийн тууз хайчилж, энэ удаагийн үзэсгэлэн-худалдаа олон талын харилцааг өргөжүүлсэн, Монгол дахь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан өгөөжтэй байхыг оролцогчдод хүслээ.
“Экспо Монголиа-2018”-гийн үеэр БНЧУ-ын Үйлдвэр-худалдааны яамны дэд сайд Эдуард Мирикийн манай улсад хийх айлчлал тохиож, тус улсаас “Чех Экспорт” банк, “ХАНЗА”, “Оспро”, “Ураниум индастри”, “ВИТА”, “ЗИМА техник”, “Ворренс”, “Арго Бохемиа” зэрэг тус улсын томоохон, нэр бүхий 13 компанийн төлөөлөл бүхий бизнесийн групп ирж үзэсгэлэн-худалдаанд оролцож байна. Гурван өдөр үргэлжлэх “Экспо Монголиа-2018”-гийн эхний өдрийн үзэсгэлэнгийн дараа бизнес түншүүдийн уулзалт эхэллээ.
Мөн “Кемпински” зочид буудалд “Оюутолгой”, “Говь кашмер”, “Вагнер Ази”
компанийн удирдлага оролцсон эдийн засгийн уулзалт “Монгол дахь бизнесийн
хамтын ажиллагаа” нэрийн дор болох гэж байна. Маргааш буюу 10 дугаар сарын
10-нд “Экспо Монголиа-2018”-гийн хүрээнд бизнесийн
бага хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр Монгол
Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар үзэсгэлэндд оролцогч гадаадын
компаниудын төлөөлөлд танилцуулж, БХБЯ, ЗТХЯ, ХХААХҮЯ болон Монголын
Барилгачдын холбооноос мөн салбар салбарын танилцуулга, ЖДҮ-гийн талаар төрөөс
баримталж буй бодлого зэрэг сэдвээр илтгэл тавьж, үзэсгэлэнд оролцогч гадаад,
дотооды ААН, компаниуд өөрсдийн үзэсгэлэнгийн павильонуудаа нээх юм.
Б.Болд