Сонгинохайрхан дүүргийн иргэдийн дунд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга ажиллагаанд төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, албад, мэргэжлийн анги, ард иргэдийг сургаж дадлагажуулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг зохион байгуулж эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын иргэдийн дунд өнөөдөр гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг зохион байгууллаа.
Иж бүрэн сургууль нь “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, удирдах бүрэлдэхүүний харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд тус дүүргийн удирдах бүрэлдэхүүн өгөдсөн цагийн дагуу ажиллах команд штабын дадлага сургуулиар үргэлжилсэн юм.
Дашрамд дурдахад Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссоос өчигдөр гамшгаас хамгаалах 14 алба, мэргэжлийн 35 анги, төрийн болон төрийн бус 229 байгууллагын 2585 алба хаагч, 50 техник хэрэгсэлтэйгээр цугларч, бэлтгэл сургуулилт хийжээ.