Улс үндэстний хөгжилд багш нарын оруулж байгаа хувь нэмрийг онцлон тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-10-05 19:32:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БСШУСЯ-наас Монголын болон дэлхийн багш өдрийг тохиолдуулан 1000 багш оролцсон баярын хүндэтгэлийн арга хэмжээг Корпорейт конвейшн төвд өнөөдөр зохион байгууллаа. 


Эл арга хэмжээг нээж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Хүн эх дэлхийдээ ээлтэй хандах, хүн төрөлхтөн бие биедээ хүнлэг энэрэнгүй, найрсаг байх, харилцан ойлголцох, улмаар ирээдүй, хойч үеэ эерэг зөв хүмүүжилтэй сайн хүмүүс болгохын үндэс суурь, найдвартай тулгуур нь боловсрол юм. Харин тэрхүү боловсролыг олгогч, гардан зохион байгуулагч нь багш билээ. Тиймээс ч өнөөдөр дэлхий даяар БАГШ ТАНД талархал илэрхийлэх, хөдөлмөрийг нь үнэлэх, энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, багшийн нэр хүндийг өргөх, улс үндэстэн бүрийн хөгжил цэцэглэлтэд багш нарын оруулж байгаа хувь нэмрийг онцлон тэмдэглэж байна” гэв.

Багш нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар монголынхоо нийт багш нарт тусгайлан мэндчилгээ хүргүүллээ. Тус мэндчилгээндээ багш нарын талаар УИХ, Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг давхар танилцуулж, багш нарт сайн сайхныг хүссэн юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд урилгаар УИХ-ын даргын М.Энхболдын зөвлөх Т.Ганди, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх Н.Хүрэлбаатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцож багш нарт баяр хүргэж үг хэлэв.



БСШУСЯ-наас 2018-2019 оны хичээлийн жилийг Багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Жилийн хүрээнд болон багш нарын өдрийг угтан 2018 оны 9 дүгээр сарын 05-наас 10 дугаар сарын 05-ны хооронд “Багшийн хөгжил-2018” аяныг орон даяар өрнүүлэн таван бүтээлч уралдааны шилдгүүдийг тодруулан баярын энэ өдөр шагналыг нь гардууллаа. Мөн энэ үеэр цэцэрлэгийн багачуудын дунд зарласан гар зургийн уралдаан, ЕБС-ийн сурагчдын дунд зарласан фото зургийн уралдаан, сэтгүүлчдийн дунд зарласан нийтлэл, эцэг эхчүүдийн дунд зарласан эссэ бичлэгийн уралдаан, бүтээлч санааны уралдаанд ирсэн бүтээлүүдийг нийтэд дэлгэн үзүүлэв.

БСШУСЯ-ны захиалгаар өнөөгийн багшийн амьдрал, багш хүний жаргал, саад бэрхшээлийг харуулсан бүрэн хэмжээний “Багш” уран сайхны киног бүтээсэн бөгөөд энэ өдөр нээлтийг нь хийсэн юм.

Боловсролын салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах, багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүүхэд, оюутан, сурагчдын хөгжил, хамгааллын чиглэлээр урт хугацааны туршид идэвх санаачилга, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн байгууллагуудад анх удаа “Боловсролд ээлтэй байгууллага”-аар тодруулан өргөмжлөв.

Холбоотой мэдээ