Улсын төсвөөс татаас авдаг аймгуудын тоог цөөлөхөд анхаарах хэрэгтэй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.05 цагт, 56 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Өчигдөр буюу 10 дугаар сарын 04-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд
У.Хүрэлсүх ирэх оны төсвийн төслийг танилцуулж, гишүүдийн сонирхсон асуултад
хариулсан. Харин өнөөдөр гишүүдийн зүгээс ирэх оны төсвийг амжилттай хэрэгжүүлэхэд
анхаарах зүйлсийн талаар саналаа хэллээ.
Тухайлбал, Ё.Баатарбилэг гишүүн Сүрьеэгийн эмнэлэг барих ажлыг ирэх
онд эхлүүлэхэд анхаарах шаардлагатайг хэлсэн бол Засгийн газрын “21.100”
хөтөлбөр, хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох, иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар
хангах чиглэлд төсөв суулгах хэрэгтэй гэдгийг С.Бямбацогт гишүүн дурьдав.
Монгол Улсын махны экспортын 90 хувийг адууны мах эзэлдэг, тиймээс бог малын махны экспортыг нэмэх хэрэгтэйг УИХ-ын гишүүн М.Билэгт хэлсэн бөгөөд энэ нь Монгол Улсын өмнө тулгамдаад буй бэлчээрийн даацын асуудлыг шийдвэрлэх томоохон түлхэц үзүүлнэ хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.
2018 онд 8 аймаг улсын төсвөөс татаас авч байгаа юм. Цаашдаа аймгуудыг улсын төсвөөс татаас авдаггүй, өөрсдөө бие даан төсөв бүрдүүлдэг, болоход анхаарах хэрэгтэй хэмээн Б.Баттөмөр гишүүн онцлов. Аялал жуулчлал, уул уурхай хөгжүүлэх боломжтой, өөрсдөө тодохой хэмжээний хөрөнгө бүрдүүлэх бололцоотой аймгууд татаас аваад байж болохгүй гэлээ.
Харин Б.Ундармаа гишүүн жижиг дунд үйлдвэрлэлийг бууруулах
замаар ажилгүйдлийг бууруулах, гэр хорооллын барилгажилтыг нэмэгдүүлэх чиглэлд
төсөвт хөрөнгө суулгах хэрэгтэй гэсэн санал хэллээ.
Мөн үеэр Н.Номтойбаяр гишүүн МСҮТ-ийн оюутнуудад тэтгэмж олгох болсныг
шүүмжилсэн. Учир нь зарим сургууль оюутны тоогоо хуурамчаар нэмж, тэтгэмж аван луйвар
хийдэг. Тиймээс энэ чиглэлд 41 тэрбум төгрөгийг хэмнээд 21 аймгийн
бүтээн байгуулалтад зарцуулах нь илүү үр дүнтэй гэв.
Түүнчлэн Б.Наранхүү гишүүн ОХУ болон БНХАУ жилд 400 тэрбум ам.долларыг гадаад худалдаанд
зарцуулж буйг дурьдаад энэ мөнгийг эх орондоо татах, экспортын бүтээгдэхүүний
нэр төрлийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой хэмээв.
УИХ-ын гишүүн
Л.Энх-Амгалан, “Төр
хамгийн том ажил олгогч. Монгол
Улсад ажил эрхэлж буй 5 хүн тутмын нэг нь төрийн албан хаагч байна. Харин бусад улсад хувийн хэвшил хамгийн гол ажил олгогч
байдаг. Холбогдох байгууллагууд төрийн албанд ажиллаж байгаа 4 хүн тутмын нэг нь ур чадвар муу,
бүрэн
бус мэргэжил эзэмшсэн гэсэн судалгаа бий. Тиймээс ур чадваргүй албан хаагчдын тоог бууруулж,
чадварлаг боловсон хүчнийг томилоход анхаарах хэрэгтэй” гэв.
Ийнхүү ирэх оны төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ. Мөн үеэр УИХ дахь АН-ын бүлэг ирэх оны төсвийн төслөөр ажлын 5 хоногийн завсарлага авч буйгаа илэрхийллээ.
Гэрэл зургийг Т.Чимгээ