Дэлхийн банк:Төсвийн тэнцэл нэлээд сайжирсан нь улсын өр 2018 оны эхний хагаст буурахад хүрсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-04 14:07:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эцэст 5.9 хувьтай гарч, ирэх онд 6.6 хувьд хүрч сайжрах төлөвтэй байгаа”-г өнөөдөр Дэлхийн банкнаас танилцуулсан Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн шинэ тайланд онцолж байна.

Эдийн засгийн өсөлтийн төлөв байдал цаашид хэвээр хадгалагдахаар байгаа нь хувийн хэрэглээ тогтвортой өсч, уул уурхай болон аж үйлдвэрийн салбар дахь хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэж буйтай холбоотойг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Жон-Паскаль Н.Нгану тодотгож байна. Тодруулбал, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тогтвортой байж тэр хэрээр гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж байгаа нь эдийн засгийн өнөөгийн өсөлтөд нөлөөлж байна. Төсвийн нөхцөл байдал үргэлжлэн сайжрах нь. Өнгөрсөн оны эхний хагаст ДНБ-ийн 0.8 хувийн алдагдалтай байсан төсөв энэ оны эхний хагасын байдлаар ДНБ-ийн 2.8 хувийн илүүдэлтэй гарсан. Үүнд нүүрс, зэсийн экспортын гүйцэтгэл төсөөлснөөс эерэг байсан, мөн Засгийн газраас зээлийн хүүгийн төлбөрийг бууруулах, шинэ ажлын байрыг царцаах зэргээр хөдөлмөрийн зах зээлийг идэвхжүүлсэн, гүйцэтгэл муутай улсын хөрөнгө оруулалтыг эрэмблэх зэргээр зарлагыг тууштай хянаж байсан зэрэг хүчин зүйлүүд нөлөөлснийг Дэлхийн банкны тайланд дурдсан байна. Төсвийн тэнцэл нэлээд сайжирсан нь улсын өр 2018 оны эхний хагаст буурахад хүрчээ. Хөрөнгө оруулалт нь дотроо улсын, хувийн, гадаадын гэсэн ялгаатай байдаг бөгөөд манай улсын хувьд хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байгааг Дэлхийн банкнаас онцолж байна. Ялангуяа уул уурхай, тээвэр, үйлчилгээний салбарт хувийн хөрөнгө оруулалт өндөр байх төлөв цаашид хадгалагдах эерэг дүр зураг гарч байна. Гэсэн хэдий ч богино болон дунд хугацаанд улстөрийн тодорхойгүй байдал үүсэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, бүтээгдэхүүн экспортлоход хил, гааль дээр учирч буй саад тотгорууд болон мөнгө угаахтай холбоотой асуудлыг гүйцэд шийдвэрлээгүй зэрэг эрсдлүүд үүсч болзошгүй байгааг анхааруулж байна.

Манай улсын эдийн засгийн байдлыг нэг бүсэд байгаа Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад тэдгээр улс орнууд газар хөдлөлт, далайн шуурга, гат уулын дэлбэрэлт зэрэг байгалийн гамшигтай тулгарах эрсдэл хүлээж байдаг бол Монголд хүний хүчин зүйл болон хууль эрхзүйн зохицуулалтаас үүдэлтэй хил, гааль дээр саад тотгор зэрэг хүндрэл бэрхшээл гарахаар байгаад анхаарахыг Дэлхийн банкнаас зөвлөж байна.

“Цаашид яах вэ?” гэсэн асуултанд Дэлхийн банкнаас:

  • Богино хугацаанд үүсч болзошгүй эрсдлээс сэргийлэх бодлогын арга хэмжээ авах,
  • Ханшийн хөдөлгөөнд мэдрэг байж мөнгөний бодлогоор зөв удирдах,
  • Зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн бодлогыг хүртээмжтэй хэрэгжүүлж, чанар болон хүртээмжийн ялгаатай байдлыг арилгах үүднээс нийгмийн хангамжийг жигд сайжруулах хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлэх,
  • Төсвийн чанга бодлого нь ирээдүйд учир болзошгүй хүндрэл бэрхшээлийг өрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхгүйгээр даван туулах дархлааг хадгалж нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн зөвлөж байна. Гол нь дотоод дахь эрэлт хэрэгцээ, нөөцийн боломжоо сайн ашиглах хэрэгтэй байна гэсэн зөвлөмж бүхий тайланг танилцуусны дараа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. 

-ОУВС-аас манай улсад хэрэгжүүлж буй тогтвортой байдлын санхүүжилт ирэх онд хэдий хэмжээгээр үргэлжлэх төлөвтэй байна вэ?

-Өргөтгөсөн санхүүжилтийн хүрээнд Монгол Улсад 120 сая ам.доллар орж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Энэ нь цаашид хэдий хэмжээгээр үргэлжлэхийг хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлтийг тооцоолж байж тодорхойлно. Ирэх 11 дүгээр сард ОУВС-гийн ажлын хэсэг ирнэ.

-Бондын эргэн төлөлтийг ямар байдлаар төлөхөөр байна вэ?

-Одоогийн эдийн засгийн өсөлтөө энэ хэвээр хадгалж авч үлдэхээс ихээхэн шалтгаална. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд Монгол Улсын дотоодод өрхийн өр, хэрэглээний зээл их байгаад анхаарах хэрэгтэй байна.

-АНУ, БНХАУ-аас хамааралтай олон улсын худалдааны сөрөг байдал Монголын нүүрсний экспортын эерэг байдалд хэр нөлөөлөх вэ?

-Энэ тал дээр Монгол Улс, БНХАУ-ын хооронд хийж буй хэлэлцээр тохироо байгаа учраас тэр дагуу явах байх. Хятадын тухайд хэлэхэд тус улсын эдийн засгийн 6.5 хувийн өсөлт хадгалагдах төлөвтэй байгаа. Энэ нь бүс нутгийн орнуудад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна. Ганц Монгол Улс биш, бүс нутгийн хэмжээнд улс орнууд худалдааны сөрөг байдалд яах вэ гэвэл бүс нутгийн гадна болж буй үйл явдлыг харгалзан үзэхийн сацуу бүс нутаг дотроо нээлттэй байж, интеграцлалыг илүү сайн хийх шаардлагатай. Тодруулж хэлбэл өөр хоорондын хамтын ажиллагаа чухал бөгөөд том зах зээл болох БНХАУ-д ямар бүтээгдэхүүн, эд бараа, түүхий эд эрэлт хэрэгцээтэй байна, түүнд зохицон ажиллаж худалдаа хийх хэрэгтэй.


Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ