Дарханчууд ахмадын баярыг бүтээлч ажлаар угтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-02 08:58:20

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт Олон улсын ахмадын баярын хурал есдүгээр сарын 30-нд "Залуучууд" театрын их танхимд боллоо.Хурлын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат нар өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, ахмадуудад хандаж хийсэн ажлаа тайлагнав.

2018 оныг Дарханчууд Ахмадыг дэмжих жил болгон зарлаж 39 ажлыг төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байгаа ажээ. Үүнд, Дархан сумын хэмжээнд “Ахмадын манлайлал” бүтээлч аяныг зохион байгуулах, ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 200 сурагчдад ахмад багшийн зөвлөн туслах үйлчилгээг зохион байгуулах, ахмадын зөвлөн туслах үйлчилгээг сургалт мэдээлэл, гэрийн асаргаа сувилгааны чиглэлээр явуулах, “Бурхантын хөндийн буурлууд” телевизийн нэвтрүүлэгт 300 ахмадыг оролцуулсан, Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн дагуу аж ахуй нэгж байгууллагуудад “Ахмадын сан” үүсгэн ажиллуулах, хуучин Дарханд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” шинээр байгуулж тус төвийг хариуцан ажиллах менежер, өргөдөл, гомдол хариуцсан ажилтныг ахмадуудаасаа томилон хамтарч ажиллах гээд цөөнгүй ажил хийжээ.

Мөн баг бүр хуримтлалын бүлгүүдийг сэргээн идэвхжүүлж, иргэн өөрсдийнхөө төлөө хөдөлмөрлөдөг зуршлыг бий болгоход ахмадуудын дэмжлэгийг авч хамтран ажиллах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч ахмадуудыг төрийн дээд одон, медаль, шагналд уламжилж, дэмжих зэрэг ажлуудыг зохион байгуулсан аж.

Түүнчлэн Орхон сумын ахмадын хорооноос санаачилж олон үндэстэн ястнуудын язгуур урлагийг хүүхэд залуучуудад зааж сургах, өвлүүлэн үлдээх, олон нийтэд түгээн сурталчлах ажлыг дэмжин санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх, аймгийн ахмадын хороонд том оврын автобус худалдан авах, хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах, сум, багийн ахмадуудын мэдээллийн санг шинэчлэх, ахмадуудад төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор явуулын үйлчилгээг нэвтрүүлэх, 65 ба түүнээс дээш настай ахмадуудад иргэний үнэмлэхийн үнийн хөнгөлөлт үзүүлж, гадаад паспортаа гээсэн бол торгуулиас чөлөөлөх, Зулзагын голд байрладаг ахмадын “Гүнд” амралтыг их засварт оруулах зэрэг нийт 39 ажлыг  хийжээ.

Ахмадын баярын  өдөр улс эх орондоо ихийг бүтээж ирээдүй , хойч үедээ үлгэр жишээ болсон Ганжууржавын Цэвэлмааг төрийн дээд "Алтан гадас" одонгоор, М.Ширнэн, В.Баяндорж нар "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар энгэрээ мялаасан байна.

Мөн Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан тэмдгээр Ч.Нарангэрэл шагнуулсан бол "Найрамдлын Дархан" тэмдгээр хоёр, аймгийн Засаг даргын жуух бичгээр хоёр, Монголын ахмадын холбооны хүндэт тэмдгээр  тав, аймгийн Ахмадын хорооны хүндэт ахмад цол тэмдгээр  зургаа, Монголын Ахмадын холбооны хүндэт өргөмжлөлөөр  тав, аймгийн Ахмадын хорооны хүндэт өргөмжлөлөөр таван ахмад настан шагнуулж баярынхаа өдөр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ.


Л.Отгонбаатар 

Холбоотой мэдээ