Д.Бауыржан: Ажилгүйдэл, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-27 16:33:37

    Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Нутгийн өөрөө удирдах ёcны байгууллагын үйл ажиллагаа, хийж буй ажлууд хийгээд тулгамдсан асуудлууд, тэдгээрийг  хэрхэн шийдвэрлэж буй талаар Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржантай ярилцлаа.


        - Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал бүрэн эрхийнхээ хугацааны талыг ардаа орхижээ. Ямар ажил амжуулав?


    -Аймгийн ИТХ энэ хугацаанд таван удаа, тэргүүлэгчид 48 удаа хуралдаж, аймаг орныхоо өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Ирэх сарын эхээр ээлжит зургаа дахь хуралдааныг товлосон. Аймаг орон нутгийнхаа нөхцөл байдлыг судалж үзээд хамгийн чухал асуудал ажилгүйдэл, хоёрдугаарт эрүүл мэнд, гуравдугаарт боловсролд анхаарал хандуулах нь чухал гэж тодорхойлж, салбар бүрт бодлого боловсруулан ажиллаж байгаа. Тодорхой ахиц дэвшил гарч байгаа ч бэрхшээлүүд байна. Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам аймгийн төв дундуур гардаг. Тус зам дагуу зургаан сургууль, дөрвөн цэцэрлэг,  олон үйлчилгээний байгууллага байрладаг. Зам  хоёрхон урсгалтай, нэвтрүүлэх чадвар бага, осол эндэгдэл их гардаг учраас хот доторх замыг өргөтгөж, босоо тэнхлэгийн авто замыг аймгийн төвийг тойрч  гардаг болгох асуудлыг холбогдох байгууллагуудтай ярьж байгаа. Зураг төсөв нь батлагдсан, ирэх жил ажлаа эхэлнэ. Аймгийн төвд 10 км гаруй зам шинээр байгуулсан.  Ирэх жилд дахин арваад км зам барьж, явган хүний зам, гэрэлтүүлэг тавих зэргээр тохижуулна. Өлгий хотын Ховд голын гүүрийн ашиглалтын хугацаа, даац нь хэтэрчихсэн тул гүүрийг шинэчлэх, дахин хоёр, гурав дахь гүүрийг барих хөрөнгийн асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Ховд, Баян-Өлгий аймгийн хоорондох зам мөн ирэх жил баригдаж ашиглалтад орно. Дараагийн чухал ажил аймгийн төвийг тойруулж үерийн далан барих. Өлгий суманд  бараг жил дараалан үер болж, маш их  хэмжээний хохирол учирч байна. Бид 2016 онд шинэ ажил хүлээн авсаны дараа аймгийн төвийг тойрсон 27 км үерийн далан барих зураг төсвийг гаргаж, эхний ээлжийн 585 сая төгрөгийн санхүүжилт шийдэгдсэн. Энэ ажлыг хийхэд нийтдээ 31 тэрбум төгрөг шаардлагатай. Цаашид хөрөнгийг шат дараатай шийдвэрлэж, үерийн даланг босгоно. 1970-аад онд ашиглалтад орсон цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсон. Саяхан Монгол Улсын хэмжээнд 10 цэвэрлэх байгууламжийг  гадаадын хөнгөлөлттэй зээлээр барихаар болсон байгаа. Засгийн газар, УИХ-ын гишүүдийн дэмжлэгээр тэдний нэг нь манай аймагт баригдахаар шийдвэр гарсан. Мөн ундны усны асуудлыг шийдэх шаардлага бий. Жил дараалсан үерийн хор уршгаар  ундны усны хомстолд орж байна. Цаашлаад малчдын амьжиргааг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэгдсэн бодлого хэрэгтэй байгаа. Ажилгүйдлийг бууруулахын тулд томоохон уул уурхайн компаниудад залуучуудыг ажилд зуучлах, БНСУ болон Казахстан Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах зэрэг зарим гэрээ хэлцлийг хийсэн. Эхнээсээ үр дүн гарч байна.


           -  Орон нутагтаа ажиллаж амьдрах боломж хэр байгаа бол?


        1960-1970 оны үед Баян-Өлгий аймгийн иргэд Дархан хотыг барьж байгуулах, Налайх, Хөтөлийн уурхайг босгох зэрэг эх орны  бүтээн байгуулалтын ажлуудад оролцож, тэнд олноор суурьшиж ажлын байраар хангагдаж байсан. Түүний дараа 1990 оны үед ажилгүйдэл дахин нэмэгдэж, иргэд амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд  Казахстан Улс руу ажиллахаар явцгааж байлаа. Түүнээс хойш 27 жил болжээ. Гэвч ажилгүйдэл дахин ихэсч, манай аймагт 22 мянга орчим хүн ажлын байр хайж байна. Мөн жилд 500-800 орчим залуучууд их, дээд сургууль төгсөж ирж байна. Тэдний ихэнх нь төрийн албанд  ажиллах сонирхолтой. Гэвч боломж байхгүй. Тиймээс нэн тэргүүнд Асгатын мөнгөний орд шиг томоохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй гэж үздэг.  Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах зорилго тавиад ажиллаж байна. Гэвч том үйлдвэр барилаа гэхэд зах зээл алга. Манай аймагт махны зургаан үйлдвэр баригдан ч жижиг зах зээлд эдгээр үйлдвэрүүд хөлөө олоход хэцүү. Залуучуудыг төрсөн нутагт нь ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэхээс гадна гадагшаа, дотогшоо явж ажиллахад нь туслахыг хичээж байгаа.


        -Наурызын баяраар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ эмнэлэг барих хөрөнгийг шийднэ гэж  хэлсэн. Салбарын тулгамдсан бусад асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?


        - 1974 онд баригдсан Нэгдсэн эмнэлгийн барилга хуучирсан. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ явуулахад шаардлага хангахгүй байна. Аймгийн хүн амын тоо эрчимтэй өсч эмнэлгийн ачаалал хэтэрсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллахдаа нөхцөл байдалтай танилцаж, 200 хүний ортой шинэ эмнэлэг барихад шаардагдах санхүүжилтийг 2019 оны төсөвт суулгаж өгөхөө амласан. Энэ бол тус аймгийн эрүүл мэндийн салбарт сүүлийн 40 жил хийгдээгүй хөрөнгө оруулалт шүү. Түүнээс гадна эмнэлгийн тусламж, чанартай үйлчилгээг сум, багт буй болгохын тулд шинээр эмнэлэг барих, зарим барилгыг засаж сайжруулах зэрэг ажлыг хийж байна. Иргэдэд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх зөв дадал хэвшлийг сурталчлах, эрүүл мэндээ хамгаалах талаар сургалт, сурталчилгааг түлхүү явуулах  талаар холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн.


       Аймгийн ИТХ-аас боловсролыг тулгамдаж буй гурав дахь  том асуудал гэж тодорхойлсон тухай Та хэллээ. Өнөөдөр казах хүүхдүүдийн эх хэлээрээ сурч боловсрох эрхийн асуудал  чухал болсон гэж ярьж байна. Энэ чиглэлээр ямар бодлого баримталж байна?


        - Үндэсний онцлогоос хамаарч боловсролын салбарт ярилцах, хэлэлцэх, шийдэх олон асуудал бий. Аль ч улс орны цөөнх болсон үндэстэнд тохиолддог бэрхшээл боловсролын салбар. Улс үндэстэн бүр асуудлыг шийдэх илүү сайн боломж гарцыг байнга эрэлхийлсээр ирсэн. Үндэстний цөөнхийн бэрхшээлийн хохирогч нь ихэвчлэн хүүхдүүд байдаг. Өнөөдөр казах хүүхдүүд эх хэлээрээ сурч боловсрох боломжгүй байна.Хэлний асуудлаас болж Баян-Өлгий аймгийн боловсролын чанарын үзүүлэлт сүүлийн 20 гаруй жил сүүл мушгиж байна. Аймгийн ИТХ-ын  2017 оны ээлжит тавдугаар хуралдаанаар "Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр" болон "Бага боловсрол, эх хэл, монгол хэлний чанарыг сайжруулах дэд хөтөлбөр"-ийг тус тус баталсан. Үүний үр дүнд элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнгээр манай аймаг 21 дүгээр байрнаас 18 хүртэл урагшилсан. Гэхдээ үүнийг хангалттай гэж хэлэхгүй. Илүү сайжруулах шаардлагатайАймагт цэцэрлэгт хамрагдалтын түвшин 60 хувьтай байсныг 80-аас доошгүй хувьд хүргэх зорилт тавьсан. Аймгийн төвд зургаан цэцэрлэг барих ажлыг энэ жил эхэллээ. Мөн Өлгий сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн хуучин барилгыг засварлаж спорт сургууль, Эх  нялхсын хөгжлийн төв болгох ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Зураг төсөв нь батлагдсан. Санхүүжилтийг гадаадын хандив, тусламжаар шийдвэрлэхийг зорьж буй.


        - Зарим иргэд хурлын шийдвэр хэрэгжихгүй байна гэж шүүмжилдэг. Жишээлбэл, 2017 оны жилийн эцэст орон нутгийн төсвөөр зургаан цэцэрлэг барихаар төсвийг нь баталсан боловч одоог хүртэл нэг нь ч ашиглалтад ороогүй байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?


        - Хурал төсвөө баталж үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьдаг. Өнгөрсөн онд төсөв нь батлагдсан ч ажил нь хойшлогдоод байгаа нь хариуцлагагүй байдлаас үүдэлтэй. Бид хөндлөнгийн хяналтаа тавьж  ажлаа түргэтгэх үүрэг даалгавар өгсөн. Хариуцсан комисс нь ч сайн ажиллахгүй байна. Нөгөө талаас барилга барих мөнгө нь шийдэгдсэн ч зураг нь байхгүй байдаг. Зураг төсөв гаргах гээд хугацаа алддаг. Тендерийг нь зарлалаа гэхэд үүнд хэд хэдэн компани оролцдог. Сонгон шалгаруулалтад ялагдсан компани Сангийн яам, эсвэл шүүхэд гомдол гаргаж дахиад хугацаа алдаж байгаа жишээ бий. Уг асуудлаар өнөөдөр Засаг даргаас мэдээлэл авсан. Бүх ажлын тендер нь зарлагдсан, гэхдээ зарим нь шүүхээр явж байгаа гэсэн. Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч, 10 дугаар  сард болон ээлжит хуралдаанаар танилцуулга хийхээр төлөвлөсөн.


        - Хурлын төлөөлөгч өөрөө санаачилга гаргаж хуралд асуудал оруулах, хэлэлцүүлэх эрхтэй байдаг.   Төлөөлөгчдийн идэвх оролцоо ямар байна? 


      - Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 39 төлөөлөгчтэй. Бүрэн эрхийн хугацаа нь эхлэхэд өөрсдийн нэрээр нь албан бланк гаргаж өгсөн. Мөн 2018 оныг Иргэдийн Хурлын Төлөөлөгчид амлалтаа биелүүлэх жил болгон зарласан. Манай аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын ихэнх нь төлөөлөгчдийн идэвх санаачилга, саналаар хийгдэж байгаа гэж ойлгож болно. Аймаг хөгжүүлэх сангийн хөрөнгийг  төлөөлөгчид хамтдаа сууж хэлэлцээд, өөр өөрсдийн сум, тойрогт  тулгамдаж буй асуудлуудыг шийдэхээр хуваарилсан байдаг.


            Хурлын төлөөлөгчид тендер авч, ах дүү, хамаатан садангаа албан тушаалд томилуулдаг хүмүүс болсон гэх яриа иргэдийн дунд гарах болсон. Та үүнтэй санал нийлэх үү?


        - Санал нийлэхгүй. Төлөөлөгчид сонгогчиддоо өгсөн амлалтаа биелүүлэхээр ажиллаж байгаа. Хэдэн хоногоор шөнөжингөө сууж батлуулсан төсвийнхөө ажлыг гүйцэтгүүлэхийн төлөө ажиллаж байна. Тендертэй холбоотой асуудлаар би төлөөлөгчдөө өмөөрнө. Манайд нэг зовлон байгаа. Тэр юу вэ гэхлээр, нэг хүн ажилд ороход хэн нэгний хамаатан болгочихдог. Баян-Өлгий аймагт бараг бүх хүмүүс нэг нэгнээ таньдаг шүү дээ. Цаашлаад бүгдээрээ ямар нэгэн байдлаар төрөл садангийн холбоотой болдог. Төлөөлөгч хэн нэгнийг албан тушаалд томилдог эрх бүхий албан тушаалтан биш. Харин эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь төрийн албанд хүмүүсийг хуулийн дагуу  сонгож авч, томилж байгаа гэдэгт итгэж байна.


        Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарч байгаа шийдвэрт ард түмний саналыг ямар замаар авч тусгаж байна?


        - Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд тойрогтоо ажиллах зардал  болгож гурван сая төгрөгийг хурлаас шийдсэн. Энэ мөнгөөр автомашиндаа шатахуун тосоо хийж, ард иргэдтэйгээ уулзаж, тэдний саналыг сонсож ажилладаг. Гурван сая төгрөг их мөнгө шиг боловч, бодит байдал дээр тийм биш. Хурлын төлөөлөгч цалин авдаггүй, нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгддөггүй. Түүнчлэн багийн нийтийн хурал жилд хоёроос доошгүй удаа хуралдаж, багийн Засаг дарга тайлангаа тавьдаг. Гарсан холбогдох саналууд төлөөлөгчдөөр дамжиж аймгийн ИТХ-д ирдэг. Мөн УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаар орон нутагт ирж тойрогтоо ажилладаг. Энэ үеэр аймгийн удирдлагууд, төлөөлөгчид хамт явж, иргэдийн санал хүсэлтийг сонсож байна. Манай аймаг хүн ам ихтэй. Тиймээс  төрийн үйлчилгээг илүү ойрхон  хүргэхийн тулд нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг оновчтой болгох ёстой гэсэн санал хүсэлт иргэдээс ирдэг. Тиймээс аймгийн ИТХ энэ жил  дахин хоёр сум 14 баг байгуулах асуудлыг хуралдаанаар шийдвэрлэж,  УИХ болон  ЗГХЭГ-т уламжилсан.


            - Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  бизнес эрхлэгчид, мөнгөтэй хүмүүс сонгогддог боллоо. Мэдлэг боловсролтой, ард түмний эрх ашгийг бүрэн төлөөлөх чадвартай хүмүүс сонгогдож чадахгүй байна гэх шүүмжлэлийг зарим хүмүүс хэлдэг. Энэ талаар таны бодлыг сонсоё. 


        - Би үүнд үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй. Ард түмэн  төлөөллөө хуулийн хүрээнд өөрсдөө сонгодог. Гэхдээ сүүлийн үед Иргэдийн Төлөөлөгчдийн хурал чадамжийн хувьд хүчгүйдэж байна. Зарим төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихдээ эхлээд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр хуульчилсан. Үүнээс болж бизнесменүүд олноор ИТХ-д сонгогддог болсон. Энэ буруу зүйл биш. Ард түмэндээ танигдсан хийсэн бүтээсэн ажилтай хүмүүс олноор сонгогдож,  иргэдийн сонголт илүү бодитой болно гэдэгт итгэж байгаа.


            - Сөрөг хүчинтэйгээ хэр зэрэг гар нийлж ажиллаж байна?


        - Сөрөг хүчнээ байнга сонсох нь бидний үүрэг.  Мэдээллээр байнга хангадаг. Хурлын тэргүүлэгчдийн дотор сөрөг хүчний төлөөлөл ч бий. Аливаа асуудлыг хэлэлцэхдээ хоёр намын бүлэгт албан тоот хүргүүлж саналыг нь авдаг. Одоо хурлын ажлын албанаас тусгай өрөө гаргаж, намын бүлгүүдийг ажлын албатай болгохоор ажиллаж байна.   


        өлөөллийн байгууллагын хувьд иргэний нийгмийн байгууллагуудтай хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байна?


        - Анх ажил хүлээн авахад аймгийн Ахмадын холбоо гурав  хуваагдсан байсныг хүчин чармайлт гаргаж нэгтгэсэн. Мөн хэд хэдэн шашны төрийн бус байгууллага гадаад улс орнуудаар явахдаа өөрсдийгөө Монголын мусульман шашны байгууллагын тэргүүн эсвэл төлөөлөл хэмээн танилцуулдаг. Хуулиараа шашин, төр хоёр тусдаа байх ёстой. Гэвч улс орны нэр хүнд, хөгжил дэвшил, ард түмний эв нэгдлийн төлөө шашны байгууллагын тэргүүнүүдэд хандан бодлогоо нэг болго, зарчмын хувьд нэгэн дээвэр дор нэгд гэдгийг зөвлөж байгаа. Баян-Өлгий аймагт эмэгтэйчүүдийн 13 төрийн бус байгууллага байдаг. Тэдний дотор хоёр гурван байгууллага улс төрийн намын дэргэд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагуудтай эмэгтэйчүүдийн эрх, эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах, боловсрол, мэргэжлийг нь дээшлүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар зорьж байгаа. Эмэгтэйчүүдийн байгууллагуудыг дээр дурдсан Эх нялхсын хөгжлийн төв ашиглалтад орсон тохиолдолд  үйл ажиллагаа явуулах байр савтай болгож, нэг газарт хамтарч ажиллах боломжийг нь бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Дашрамд бүргэдийн баярын агуулга, үнэ цэнийг хадгалж, хамгаалах хэрэгтэй байна. Бид энэхүү  өв соёлыг түгээх, хадгалах, зөв дэлгэрүүлэхэд анхаарах цаг болжээ. Нэгдсэн зохион байгуулалттай, хэм хэмжээтэй энэ баярыг зохион байгуулах ёстой юм. Хэрэв бүргэдийн баяр утгаа алдвал Хятад, Казахстан зэрэг орнуудад алдаж магадгүй. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, компаниуд ард түмний нийтлэг эрх ашгийн үүднээс нэг бодлого дор нэгдэх шаардлагатай. Үндэсний өв уламжлал, соёл бол ард түмний өмч. Тийм учраас бид бүргэдээр ан авлах урлагийг хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж батлахаар ажиллаж байгаа. 


        Аймгийн ИТХ-ын Ажлын алба үйл ажиллагаандаа MNS ISO 9001:2016 стандарт нэвтрүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ ажлын явц ямар байна?


        Нэг далайлтаар бүтдэг ажил биш юм. Аймгийн төрийн байгууллагууд хамтран ажиллах ёстой. Иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийн тулд зөвхөн хурлын ажлын алба биш, иргэдтэй хамгийн их харилцдаг аймгийн ЗДТГ, Цахилгаан шугам сүлжээний газарАвто тээврийн газар  зэрэг байгууллагуудад үйл ажиллагаандаа ISO стандарт нэвтрүүлэх шаардлагыг тавьж байна. Энэ стандартын хүрээнд хурлын ажлын албаны ажилчдын ажиллах орчныг нь сайжруулсан. Уг стандартын онцлог нь байгууллага үйлчлүүлэгчийг 20 секундийн дотор хэрэгцээтэй мэдээллээр нь хангах ёстой. Ард иргэдэд энэ боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж буй.


        Та Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг даргалдаг. Гэмт хэргийн гаралт ямархуу төвшинд байна вэ?


        - Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт  буурсан ч 2017-2018 онд эргээд нэмэгдлээ. Зөрчлийн тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой гэмт хэргийн тоонд өөрчлөлт гарчээ. Манай аймагт голдуу зам тээвэр болон малын хулгайн гэмт хэрэг гардаг. Хил  дамнасан малын хулгайн шийдэгдээгүй гэмт хэргүүд статистик мэдээнд бүртгэгддэг. Дээрээс нь баруун бүсийн босоо тэнхлэгийн зам дагуух зам тээврийн осол манай аймагт бүртгэгддэг.  Мөн аймгийн төвд ч зам тээврийн ослууд гарч байна. Дэд бүтцийн асуудал шийдэгдвэл зам тээврийн ослын тоо буурна. Малын хулгайтай тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа. Малыг хил нэвтрүүлэхгүйн тулд хашаа тор татах ажлыг зохион байгуулсан. Мөн малчдыг малаа хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  сургалтад  хамруулах,  мэдээлэлтэй болох талаас анхаарч буй.  НҮБ-ын Хүн амын сантай хамтарч хүчирхийллээс хамгаалах төв байгуулж байна. Ирэх сарын нэгэнд ашиглалтад орно.


        Сүүлийн асуултыг танд үлдээе?


        - Баярлалаа. Энэ завшааныг ашиглаж залуучууддаа хандаж хэдэн зүйлийг захиж хэлье. Залуусын зарим нь аливаа зүйлийн утга учрыг олж, ухаарч төлөвшөөгүй байж намчирхаж, улстөржиж талцаж байна. Энэ нь тэдний хөгжилд тээг болж буй. Хүний үзэл бодол, ертөнцийг харах цонх, хүсэл тэмүүлэл өөр өөр. Ид суралцах, хөдөлмөрлөх насандаа хоосон  амбицалж, амар хялбараар амьдрах арга чаргыг эрэлхийлж буй залуучууд бас байна. Хэн нэгний шахалтаар бус өөрсдөө санал санаачилгаар суралцаж, дэлхийн том сургуулиудын тэтгэлэгт багтах хүсэл тэмүүллийг өөртөө бий болгож дунд сургуулийн сурагч байхаасаа эхлэн зорилгоо тавьж хичээх хэрэгтэй. Бидэнд үлгэр дууриалал болж буй залуучууд олон. Нутаг усныхаа нэрийг гаргаж буй залуучуудаараа бахархдаг. Тухайлбал,  Баян-Өлгий аймгийн С.Айгерим гэх охин Apple компанид инженерээр ажилд орсон тухай баяртай мэдээг  танай агентлаг нийтэллээ. Үнэхээр баярлаж байна. Манай залуучууд мэдлэг чадварын хувьд хэнээс ч дутахгүй тул С.Айгерим шиг өөрөөр сэтгэж, байгаа боломжоо ашиглах хэрэгтэй гэдгийг хэлье.


        -Цаг заваа гаргаж ярилцсанд баярлалаа!

Ө.Нурболат

Холбоотой мэдээ