Чанаргүй зам барьсан компаниудад дараагийн ажлыг өгөхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-09-26 17:48:30


Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2017 онд баталсан “Авто замын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад авто замын барилгын чанар, засвар арчлалтын баталгаат хугацааг 3-н жил болгон сунгаж тухайн барьсан компани хариуцан ажиллахаар болсон юм.

Түүнээс гадна ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар 2019 оноос замын компаниудын засвар арчлалт, замын барилгын ажлын гүйцэтгэл үр дүнд дүгнэлт хийж, муу үзүүлэлттэй замын компаниудад дараагийн  ажил өгдөггүй байх, хар жагсаалт гаргах асуудлыг дэвшүүлээд байгаа юм. Энэ үүднээс авто замын салбарт замын хяналт, чанар, хариуцлагын асуудлыг нэгд тавин ажиллаж байгаа

ЗТХЯ-наас өнгөрсөн 7 хоногт автозамын хяналтын ажлын хэсэг гарган орон нутагт ажиллав. Ажлын хэсэг “Баянчандмань-АЗЗА”, “Дархан-АЗЗА”, “Сэлэнгэ-АЗЗА”, ТӨХК-иудад ЗТХ-ийн дэд сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэсэн замын засвар арчлалт, ашиглалтын бэлэн байдалтай танилцлаа. “Хотгор зам” ХХК-ийн гүйцэтгэсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дунд тойргийн 9.8 км, сум доторх 2.8 км хатуу хучилттай авто замуудад гарсан эвдрэлийг дээрх компани баталгаат хугацаандаа засварлаагүй гэсэн гомдлын дагуу газар дээр нь хянаж ажлыг гүйцэтгэх үүрэг, чиглэл өгч ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгийн Зүүн бүрэн чиглэлийн хайрган хучилттай 109 км авто замд /ургацын зам/ хусалт, дүүргэлт хийсэн ч борооны улмаас 6 км орчим замд эвдрэл гарсныг дахин засах үүргийг өглөө. “Дархан АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг замын хөвөөг засварлах ажил санхүүжилт байхгүйн улмаас хийгдээгүй байна.  


Хөвсгөл аймгийн Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийн мөрөөр хяналт хийхэд:  ажил гүйцэтгэгч “Хотгор зам” ХК чанарын баталгаат хугацаандаа гарсан эвдрэлийг цаг тухайд нь гүйцэтгээгүйн улмаас гомдол үүсч, ЗТХЯ-наас өгсөн үүргийн дагуу засварын ажлыг гүйцэтгүүлэхээр “Хүслэнт бүтээмж” ХХК-тай гэрээ байгуулан есдүгээр сарын 10-17-ны хооронд 800-1100 хавтгай дөрвөлжин м талбайд асфальт бетон нүхний засварын ажлыг хийж гүйцэтгүүлсэн байна. Мөн осол аваар хамгийн их гардаг, үзэгдэх орчин тааруу улсын чанартай авто замын цэгүүдийг эхний ээлжинд тэмдэглэгээжүүлэх ажлыг хийж эхлээд байгаа талаар ЗТХЯ-наас мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ