Арьсан урлагийн чиг хандлагыг “Хүрэл буга” үзэсгэлэнд харуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-02-26 14:06:54

МУЭ-ийн нэрэмжит шагналт, Дүрслэх дизайн урлагийн сургуулийн арьсан урлагийн ангийн багш Р.Ариунболдын шавь нар хамтран “Хүрэл буга” арьсан урлагийн үзэсгэлэнгээ МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд маргааш нээнэ.

Тус үзэсгэлэнд Р.Ариунболд багшийн 1991 оноос одоог хүртэл арьсан урлагийн мэргэжлээр төгссөн 20 гаруй уран бүтээлч оролцох юм.

Үзэсгэлэнд төгсөгчдийн арьсаар бүтээсэн арьсан хөөмөл чимэглэл болон хэрэглээний арьсан авдар сав, цүнх түрийвч, монгол гутал, түүхий арьсан ханын чимэг зэрэг өвөрмөц хийц бүхий 60 орчим бүтээл олны хүртээл болно.

Энэхүү үзэсгэлэн нь үндэсний өв болох гар урлалын нэгэн төрөл арьсан урлагаараа бахархах, арьсан урлагийг хөгжүүлэх, хэрэглээний зүйлсээс гадна урлагийн бүтээл болохыг харуулах, мэдлэг, мэдээлэл түгээх зорилготой.

Дүрслэхийн сургуульд арьсан урлагийн ангийг 1971 оноос эхлэн нээж УГЗ багш П.Балдандорж, Ж.Доржсүрэн нар багшилж байсан юм. Улмаар уламжлалд тулгуурлан орчин үеийн хэлбэр хийцэд тохируулан, шинэлэг арга барилаар бүтээл болон бүтээгдэхүүнийг хийж эхэлсэн билээ. 1988 оноос тасраад байсан арьсан урлагийн ангийг 1991 онд дахин нээж Р.Ариунболд багш одоог хүртэл арьсан урлагийг заан сургаж 10 гаруй төгсөлтийн 200 гаруй уран бүтээлчийг төгсгөжээ.

Мөн энэ үеэр өнөөгийн арьсан урлагийн чиг хандлагыг урлагт дуртай хүмүүст хүргэхээс гадна цаашдын хөгжил, олон нийтэд арьсан урлагийн мөн чанар уламжлалыг ойлгуулан мэдээлэл олгохоор эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах юм.

Эрдэм шинжилгээний хуралд МУЭ-ийн шагналт зураач, СУИС-ДДУС-ийн багш Р.Ариунболд “Монголын арьсан урлалын үүсэл гарвал нь эртний нүүдэлчдийн дүрслэх урлагийн анхдагч суурь болох тухай”, “Монголын олон ястны гутлын харьцуулсан судалгаа”, “Эртний арьсан өмсгөл ба монгол дээлний үүсэл судалгааны агуулга, судлагдсан байдал”, 1994-1999 оны төгсөгч С.Сайнням “Үйлдвэрлэлийн дизайны чиг хандлага”, “2006-2010 оны төгсөгч Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн тайлбарлагч, дизайнер Ц.Солонго “Дашмаганд хийсэн нууцын эрэлд” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэх аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ