СЗХ: Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зайлшгүй шаардлага гарч ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-09-25 13:25:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Монголд хөрөнгийн зах зээл сэргэж, өнгөрсөн хугацаанд 17 компани хувьцаагаа гаргаад байна. Дараагийн шатанд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй болно хэмээн" Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны газрын дарга Б.Долгорсүрэн шинээр IPO гаргасан компаниудын нээлттэй зөвлөлдөх уулзалтын үеэр онцлов.

СЗХ-ноос зохион байгуулсан уулзалтад “Ай Түүлс”, "Анд Энерги”, “ЛэндМН”, “Монгол базальт”, “Ард Даатгал”, “Мандал даатгал” ХК-иудын удирдлага оролцлоо. СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн хэлэхдээ, “Манай улсад хөрөнгийн зах зээл сэргэж олон ААН нээлттэй ХК болж хөгжлийн дараагийн үе шатандаа орж байна. Ингэснээр одоо энэ бүхнээс хувьцаа эзэмшигч иргэд, хөрөнгө оруулагчид хэзээ үр ашгаа хүртэх вэ гэсэн асуулт бүхий хүлээлт ирлээ. Та бүхэнд хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажил ирж байна” гэсэн бол СЗХ-ны даатгалын газрын дарга М.Өлзийбат, “Бид хувьцаа эзэмшигчдийг том, жижиг гэлтгүй бүгдийнх нь эрх ашгийг жигд хамгаалж хангана” хэмээн мэдэгдэв. Тэрээр, “Монголын хөрөнгийн зах зээл өнгөрсөн 20 жилд уналт босолттой явж ирлээ. Олон компани хувьцаагаа гаргаж олон нийтийн нээлттэй болох зам дардан байгаагүй” гээд анхны IPO-нуудаас  “Цонжин болдог” төсөл амжилттай хэрэгжсэн бол “Монгол шилтгээн” төсөл амжилтгүй болж байсан түүхийг сануулав.

СЗХ-ноос хийсэн өнгөрсөн хугацааны ажиглалт бүхий дүгнэлт гэвэл дотоодын ААН-үүд эдийн засгийн уналт, сэргэлт бүхий нөхцөл байдал, цаг үеэс хамаарч хөрөнгийн зах зээлд орж байна. Ямар салбарын компаниуд хувьцаагаа гаргаж буй нь ч мөн хөгжлийн цаг үеэс хамааралтай гарч ирж байна. Жишээ нь, барилгын салбар эрчимтэй хөгжих үеэс “Хөх ган”, “МИК” гээд олон ААН хөрөнгийн зах зээлд орж ирж өнөөг хүртэл амжилттай ажиллаж байна. Сүүлд гэхэд хөгжлөө дагаад технологийн компаниуд хөлж тавьж эхэлсний жишээ нь, “Ай Түүлс”, “ЛэндМН”. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Мандал даатгал”, “Ард Даатгал” компаниуд орж ирж байгаа нь санхүүгий салбарын хөгжлийн нэг үеийг тодорхойлж буйг өнөөдрийн уулзалтын үеэр тэмдэглэж байлаа.

“ЛэндМН” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэржаргал, “Дотоодын ААН, компаниуд хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гарган нээлттэй болсноор тэр захирлынх гэхээсээ илүү олон нийтийн төлөөллийн гэхэд хүрч тэр хэрээр бидэнд нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлага ирж байна” гэсэн. Үүнийг “Монгол базальт” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Ариунболд,IPO хийнэ гэдэг нь зөвхөн хөрөнгө татан төвлөрүүлж босгохдоо бус, компанийн засаглалаа сайжруулах, энд иргэд, олон нийт, хөрөнгө оруулагчдын оролцоог хангах явдал юм” гэж тодотгов.”Мандал даатгал” ХК-ийн гүйцтэгэх захирал Б.Тамир, “Бид IPO хийсний маргаашнаас хүмүүс сэтгэгдлийг маань асуухад бид “Өнөөдрийн ажлаа маргааш үргэлжлүүлээд хийнэ” гэсэн хариу өгдөг. Хэрэв байдал өөрчлөгдсөн үү гэж асуувал, бид зах зээлийнхээ 21 хувийг эзэлж, манай хувьцааг 861 хүн худалдан авсан учир тиймээ гэж хэлэх байна. Даатгалын компаниуд хөрөнгийн зах зээлд орж ирж байгаа нь өөрөө хөгжлийн нэг үе шат бөгөөд хөрөнгөтэй болсноор бид томорч тэр хэрээр даатгалын салбартаа тогтвортой ажиллах үндэс болж өгнө” гэлээ.

Өнөөдөр хөрөнгийн зах зээлд гарсан компаниудад:


  • Хөрөнгийн үнэлгээгээ олон улсын стандартын дагуу хийлгэх,

  • Нэгж хувьцааны үнийг бодитой тогтоолгох, 

  • Санхүүгийн тайлангаа тогтмолжуулах гээд олон ажил ундарч байна.


Хэдий тийм ч хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт анхаарч хамгаалах, тэдэнд очих үр өгөөжийг нэмэгдүүлэх, иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг орхиж болохгүйг СЗХ-ноос хийсэн өнөөдрийн зөвлөлдөх уулзалын үеэр мэргэжилтнүүд онцолж байлаа.


Б.Болд

Холбоотой мэдээ