МИАТ ХК дотооддоо сургалт дадлага хийх боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-20 17:58:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК өнөөдөр өөрийн байрандаа сургалт дадлагын байгууламжтай болж нээлтээ хийлээ.

Сургалтын байгууламжид агаарын хөлгийн үйлчлэгч болон нисэгчид авран хамгаалах, зарлан мэдээлэх, зорчигчдод үйлчлэх зэрэг онцгой байдлын болон ердийн нөхцлийн олон төрлийн сургалт, дадлага хийх боломжтой болов. Өмнө нь ийм төрлийн сургалтыг манайхан ОХУ-ын “Аэрофлот” болон БНСУ-ын “Кореан Эйр” компаниудын шугмаар тухайн улс оронд жил бүр 150-200 хүн очиж хийдэг байсан бол одоо дотооддоо ийм сургалт зохион байгуулахаар болсныг нээлтэд оролцсон “МИАТ” ХК-ийн тэргүүн дэд захирал Н.Ганболд онцолж байв. Тэрээр, “Агаарийн тээврийн, нисэхийн аль ч компанийн үйл ажиллагаанд нисэхийн аюулгүй байдлыг сахиж, тогтмол ажиллагааг хангахад сургалт маш чухал. Энэ зорилтыг хангах үүднээс бид эх орондоо, өөрийн сургалт дадлагын байгууламжтай болж байгаа нь бусад улсад очиж  хийдэг байсан сургалтын зардлыг хэмнэхээс гадна нэгэнтээ байгуулсан сургалтын техник тоног төхөөрөмж байгууламжаа ашиглан гадаадын тээвэрлэгчдийн сургалтыг эх орондоо зохион байгуулж нэмэлт орлого олох боломжтой болж байна. Дотооддоо олон хүнийг нэг дор хамарсан сургалтыг цаг хугацаанаас үл хамааран байнга, давтамжтай хийх нөхцөл бүрдэж байгаа нь үндэсний авиа компаниудын агаарын хөлгийн үйлчилгээний чанар сайжирч, аюулгүй ажиллагааны түвшин дээшлэхэд их хувь нэмэр болно” гэж тодотгож байв.

Мөн нээлтэд оролцсон ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын гарын дарга Т.Батжаргал, “МИАТ ХК өөрийн сургалтын байгууламжтай болж байгаа нь манай улсын иргэний агаарын тээврийн салбар өөрийн орондоо олон улсын сургалтын бааз төвтэй болох дараагийн үйл ажиллагааны эхлэлийг тавьж байна” гэж байв. Үүнийг тэрээр тодруулж хэлэхдээ “Удахгүй “Чингис хаан” нисэх буудал Хөшгийн хөндийд нээгдэх олон улсын нисэх онгоцны буудал руу шилжиж нүүх гэж байна. Энэ нөхцөлд Буянт-Ухаа дахь нисэх буудлыг сургалтын бааз болгон үлдээх саналыг бид төр, засаг, нийслэлийн удирдлагад тавиад байгаа. Буянт-Ухааг орон нутгийн нисэх буудал хэлбэрээр ашиглаж мөн олон улсын нисэхийн сургалтын бааз болгох боломжтой юм” гэв. “Боинг-737” онгоцны бааз суурь дээр байгуулсан сургалтын байгууламжид орж үзэхэд яг л нисэх онгоцоор зорчих гэж буй мэт сэтгэгдэл төрөхөөр бодит байдалд байгуулсан байв.  


Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр 

Холбоотой мэдээ