“Зика” вирус хүнээс хүнд халдварласан 14 шинэ тохиолдлыг судалж байна

Дэлхийд
jargal@montsame.mn
2016-02-24 15:20:12

ВАШИНГТОН. /TASS/. “Зика” вирус хүнээс хүнд халдварласан 14 шинэ тохиолдлыг АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв судалж байгаагаа мэдэгджээ.

“Одоогийн байдлаар бид вирус бэлгийн замаар дамжин халдварласан байж болзошгүй 14 шинэ тохиолдлыг судалж байгаа бөгөөд тэдний дунд жирэмсэн эмэгтэйчүүд байна” гэж тус төвийн мэдээлэлд дурдсан байна. Энэ хүмүүсийн ердөө хоёр эмэгтэй нь уг вирусийн халдвар тархсан орнуудад аялаад ирсэн хамтран амьдрагчаасаа халдвар авсан байх магадлалтайг мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Гэхдээ “Зика” вирус бэлгийн замаар дамжин халдварладаг болох нь “нотлогдоогүй боловч үгүйсгэх аргагүй” гэж тус төв мэдэгдсээр байна.

“Зика” вирусийн халдвар авсан тохиолдолд өндөр халуурах, нүдний салст бүрхэвч үрэвсэх, толгой, үе мөч өвдөх, зарим тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг аж.

Уг вирусийн халдвар Ази, Африк, Өмнөд болон Хойд Америк, Номхон далайн бүс нутгийн орнуудад тархаад байгаа юм. Ялангуяа дэлхийн баруун тал бөмбөрцөгт асар хурдтай тархаж байгаа бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сард зөвхөн Бразил улсад бүртгэгдэж байсан бол одоо 55 орны 20 гаруйд нь тархаад байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ