Сурагчид халтар хомоол түүж малчдад өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 14:07:57

Сайнцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлд зориулж халтар хомоол түүж малчиддаа өгдөг. Өнөө жил ч мөн адил энэ ажил үргэлжилнэ. Сурагч тус бүр нэг шуудай халтар хомоол түүж, сумын ЗДТГ- т хүлээлгэн өгч түүнийг нь багийн Засаг дарга нар хуваарилан авч, малчиддаа хүргэдэг байна. 

Өнгөрсөн жилийн намар сурагчид 1800 гаруй шуудай хомоол түүж бэлтгэсэн бөгөөд өвөл өнтэй сайхан болсон тул үүний тавь гаруй хувийг нь л малчид ашиглажээ. Харин үлдэгдэл хомоолыг тэжээлийн агуулахад хадгалж нөөцөлсөн байна. Хомоол чанар алдагдана гэсэн зүйлгүй учраас өнгөрсөн жилийн үлдэгдэл дээр энэ жилийн бэлтгэх хомоолыг нэмж малчиддаа хүргэнэ гэж сумын Засаг дарга М. Баянсан хэллээ. 
Тус сумын малчид жилд 350 орчим тонн гар тэжээл жилд бэлддэг бөгөөд үүн дээр сурагчдын түүж бэлтгэн өгсөн халтар хомоол хүн бүл цөөтэй малчдын хувьд ихээхэн нэмэр болдог байна. 

Т.Отгонтуяа
  

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд