Б.Баясгалан: АСЕМ Вилла хотхоны барилгын ажил дууссан
МОНГОЛЫН МЭДЭЭДэлхийн 51 орон болон хоёр томоохон АСЕАН, Европын холбоог эгнээндээ нэгтгэсэн АСЕМ буюу “Ази, Европын уулзалт” энэ онд Монгол Улсад болно. Уг уулзалтын бэлтгэл ажлын талаар АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дэд дарга Б.Баясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-АСЕМ-ын бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?
-Одоогоор яг хувиар нь тооцоолж хэлэх боломжгүй. Гэхдээ бүх ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байгаа. Төлөвлөгөөнөөс хоцорсон, ажил цалгардуулсан асуудал гараагүй.
-АСЕМ-ын зочдод үйлчлэх автомашинуудын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн үү?
-АСЕМ-ын уулзалтын үеэр 350 гаруй автомашин шаардлагатай. Үүнээс 250-ыг нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагуудаас авч хэрэглэхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд хувийн хэвшлийн байгууллагууд автомашинуудаа хилээр оруулж ирэх ёстой. Энэ үед нь гаалийн татвараас чөлөөлөх хуулийг УИХ баталсан. Үүний хариуд автомашинуудыг АСЕМ-ын үеэр үнэ төлбөргүй хэрэглэх юм. Үлдсэн автомашинуудыг төрийн байгууллагуудын хэрэглэж буй тээврийн хэрэгслээс сонгохоор төлөвлөж байна. Одоогоор төрийн байгууллагуудын ашиглаж байгаа автомашинуудын судалгааг гаргаж байна.
ЗТЯ-наас “Улс хооронд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл” боловсруулан БНСУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр 300 гаруй том оврын автобус оруулж ирэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд АСЕМ-ын уулзалтаас өмнө 50 автобус нийлүүлэх хүсэлтийг БНСУ-д тавьсан. БНСУ-ын зүгээс хүсэлтийг нааштай хүлээж авсан.
-АСЕМ-ын үеэр 10 орны төрийн тэргүүн өөрийн онгоцтойгоо ирнэ гэсэн. “Чингис хаан” олон улсын нисэх буудал хэдэн онгоц байрлуулах хүчин чадалтай вэ?
-“Чингис хаан” олон улсын нисэх буудал 20 гаруй онгоц хүлээн авах боломжтой. Өнгөрсөн оноос бэлтгэл ажлаа эхлүүлж, одоогоор 34 онгоц байрлуулах болсон. Өмнөх АСЕМ-ын хурлуудыг зохион байгуулсан орнуудаас туршлага судлаад 25-30 онгоцны зогсоолтой байхад хангалттай гэсэн дүгнэлт хийсэн. Хэрэв онгоцны зогсоол багтахгүй бол Хөх хот болон Улаан-Үд хотын онгоцны буудлыг түрээслэх талаар ярьж байна. Одоогоор түрээсийн төлбөрийн хэмжээг тогтоогоогүй байна.
-“АСЕМ Вилла” хотхоны бүтээн байгуулалт дуусч байгаа юу?
-Хотхоны барилгын бүтээн байгуулалтын ажил дууссан. Одоо дотор тохижолт, гэрэлтүүлгийн ажлыг хийж байна. Уг ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүд 5 дугаар сарын 01-нд бүх ажлаа дуусган хүлээлгэн өгнө.
-АСЕМ-ын үеэр автозамын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ. Түгжрэл үүсэхгүй байх зорилгоор АСЕМ-ын хурлын 2 өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох асуудал ярьж байгаа гэсэн?
-Зочид, төлөөлөгчдийн явах автозамын маршрут гарсан. Одоо ЦЕГ, ЗЦГ замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар төлөвлөгөө боловсруулж байна. Аль болох иргэддээ хүндрэл учруулахгүй байдлаар зохицуулна. АСЕМ-ын хурал зуны амралтын үетэй давхцах тул НЗД Э.Бат-Үүл уулзалтын үеэр иргэдийг орон нутгаар аялах уриалга гаргах юм. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын байгууллагуудыг жуулчин хүлээж авах хөтөлбөртөө өөрчлөлт оруулж, хурлын үеэр жуулчдыг хөдөө, орон нутгаар аялуулах чиглэлээр хөтөлбөр боловсруулахыг хүссэн. Энэ мэтчилэн олон ажил хийх тул автозамын түгжрэл үүсэхгүй байх.
-АСЕМ-ын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажиллах нөхцлийг хэрхэн бүрдүүлэх вэ?
-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвийг түшиглэн “АСЕМ-ын мэдээллийн төв” байгуулна. Энэ төв зөвхөн сэтгүүлч төдийгүй иргэдэд ч нээлттэй үйлчилнэ. Гуравдугаар сарын 01 бол Олон улсын АСЕМ-ын өдөр. Энэ өдөр “АСЕМ-ын мэдээллийн төв”-ийн нээлтээ хийнэ.
Дээд түвшний уулзалтын үеэр 800-1000 орчим хэвлэлийн ажилтан ирнэ гэж тооцоолж байгаа. Тиймээс Шангри-Ла зочид буудалд олон улсын хэвлэл мэдээллийн томоохон төв байгуулна. Гэхдээ бүх хэвлэлийнхнийг дээрх төвд оруулах боломжгүй. Хурлын өмнө хэвлэл мэдээллийн байгууллагуудад бүх мэдээллийг хангалттай өгөх болно.
-Уулзалтын үеэр үндэсний өв соёлоо таниулах ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?
- Дээд түвшний уулзалтыг угтсан 9 томоохон арга хэмжээ болно. Бүх арга хэмжээний үеэр Монголоо сурталчилсан урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулна. Урлаг соёлын бүх арга хэмжээг БСШУЯ болон НЗДТГ хариуцан ажиллана.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал