Олимпын наадам үүссэн түүх

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-23 13:18:58

ВАШИНГТОН. /history/. Бразилын Рио-Де-Жанейро хотод зуны олимпын 31 дэх удаагийн наадам энэ жилийн наймдугаар сарын 5-21-нд болох гэж байгаатай холбогдуулан олимпын наадмын баримт мэдээллүүдийг цувралаар хүргэж байна.

Одоогоос 3000 жилийн өмнө эртний Грект үүссэн олимпын наадмыг 19 дүгээр зуунд дахин сэргээж, улмаар дэлхийд хамгийн алдартай том спортын тэмцээн болсон юм.

Манай эриний өмнөх наймдугаар зуунаас манай эриний дөрөвдүгээр зууны хооронд олимпын наадмыг Зевс бурхны хүндэтгэлд зориулан Пелопоннесийн хойгийн баруун нутгийн Олимп хотод жил бүр зохион байгуулдаг байжээ. Харин орчин үеийн олимпын наадам анх 1896 онд Грекийн Афин хотод болсон бөгөөд үүнд 13 орны 280 тамирчин спортын 43 төрлөөр өрсөлдсөн байна. 1994 оноос олимпын наадмыг зуны, өвлийн гэж хоёр тусад нь зохион байгуулж эхэлжээ.

Хамгийн анхны олимпын наадам манай эриний өмнөх 776 онд болсон гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайн үед 192 метрийн зайн гүйлт гэсэн спортын ганцхан төрөл байсанд тогооч Кореб Элидский түрүүлж, олимпын анхны аварга болсон ажээ. Үүнээс хойш олимпын наадам олон жил болсон гэж үздэг байна.

Зевсийн хүү Геракл /латинаар Геркулес/ болон харгис эмэгтэй Алкменагийн бий болгосон олимпын наадам манай эриний өмнөх зургадугаар зууны сүүл үед Грекийн алдартай спортын наадам болжээ. Улмаар олимпын наадмыг Зевс бурханд хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр буюу наймдугаар сарын 6-наас есдүгээр сарын 19-ний хооронд дөрвөн жил тутамд зохион байгуулдаг болсон байна. Грекийн өмнөд нутгийн Пелопоннесийн хойгийн баруун эргийн ариун газар болох Олимпын нэрээр уг спортын наадмыг нэрлэжээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ