С.Бямбацогт: МАН, МАХН нэгдэхийг үгүйсгэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Танай намын бүлэг Ээлжит бус чуулганыг Үндсэн хууль зөрчсөн гэж мэдэгдсэн. Үүний үндэслэл нь юу вэ?
-Үндсэн хуулийн 65-ын 4-т “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Цэцийн гишүүнийг эгүүлэн татаж болно” хэмээн заасан байдаг. Харамсалтай нь Цэцийн 9 гишүүн хуралдаж эгүүлэн татах шийдвэр гараагүй. Харин ч УИХ-ын гаргаж байгаа шийдвэр Үндсэн хууль зөрчиж байна гэдгийг сануулсан бичгийг Үндсэн хуулийн цэцийн 8 гишүүн гарын үсэг зураад бидэнд илгээсэн. Хоёрт нь Цэцийн даргыг эргүүлэн татах асуудлыг Улсын дээд шүүх илгээхдээ нийт шүүгчдийн бүрэлдэхүүнийг хуралдуулалгүйгээр Ц.Зориг шүүгч дангаараа шийдвэрлэн бичиг явуулсан. Явуулсан бичигт нь хүртэл “тусгайлан өгөх саналгүй” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл дахиад хууль зөрчсөн. Ийм хоёр үндэслэлээр УИХ Үндсэн хууль зөрчлөө гэж үзэж байгаа. Тийм учраас МАН-ын бүлэг хуралд ороогүй.
Үндсэн хуулийн цэц бол онцгой субьект юм. Хуулиараа бол ажлаасаа чөлөөлөгдсөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн дараагийн орны хүн нь томилогдтол ажлаа хийнэ гэсэн тусгайлсан заалттай. Учир нь Үндсэн хуулийн цэц завсарлахгүй ажиллаж ёстой байгууллага юм.
Мөн Үндсэн хуулийг чандлан сахиулахын баталгаа нь Үндсэн хуулийн цэц. Засгийн газраас хүний эрхэнд ноцтой харшилсан шийдвэр гаргах юм бол УИХ болон Үндсэн хуулийн цэц хүчингүй болгох эрхтэй. Ерөнхийлөгч мөн хууль зөрчсөн шийдвэр гаргавал УИХ хүчингүй болгож болно. Энэ нь тал, талдаа хамгаалагч болно. Төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдлыг хадгалж байж Монгол улс оршин тогтноно.
Бид Үндсэн хуулийн цэцийн даргыг хүнийх нь хувьд хамгаалж, өмгөөлсөн зүйлгүй. Үндсэн хуулиа хамгаалж байгаа юм. Ж.Амарсанаа дарга академич, хууль, эрдэмтэн, АН-ын нэрээр Хууль зүйн сайдаар ажиллаж байсан тус намын зүтгэлтнүүдийн нэг. Энэ хүний алдсан, оносон эсэх нь тусдаа асуудал. Орж ирж буй үйл ажиллагаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Тиймээс манай нам Үндсэн хуулийг зөрчсөн хам хэрэгтэн болохгүй гэж байгаа хэрэг. Энэ үйл ажиллагаа нь эцсийн эцэст Үндсэн хуулийн хямралд хүргэж байна. Үүнд бид санаа зовниж байна.
-УИХ-ын даргын зөвлөлийн хуралд бүлгийн дарга, намын дарга нар оролцдог. Таныг бүлгийн хуралд суугаагүй гэж байсан. Яагаад суугаагүй юм бэ?
-УИХ-ын Даргын зөвлөлийн хуралд би хоёр удаа оролцсон. 28 асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга хэлж байсан. Ийм олон асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжихгүй гэдгээ хэлээд эсэргүүцсэн. Харамсалтай нь даргын зөвлөлийн хурал шийдвэрээ гаргасан. Зөвшилцөнө гэдэг чинь харилцан тохиролцоод, асуудлаа шийдэхийг хэлдэг. Гэтэл эрх баригчид шууд тулгаснаа зөвшилцөнө гэж хэлээд байна.
-МАН-ынхан Цэцийн даргыг огцруулахад оролцоогүй. Хэрвээ чуулгандаа оролцоод санал өгөөд явсан бол Ж.Амарсанаа дарга огцрохгүй байх боломж байсан болов уу?
-Бид ээлжит бус чуулганы өмнө олонхи ирцээ бүрдүүлбэл хуралд орно гэдгээ мэдэгдсэн. Олонхи гэдэг нь АН-ын гишүүдийг хэлээгүй, Шударга ёс эвсэл, ИЗНН гээд 47 гишүүнийг ирцээ бүрдүүлэх ёстой гэсэн. Хэрвээ энэ ирц бүрдвэл МАН-ын бүлгийн 26 гишүүн орно гэсэн. Гэхдээ Үндсэн хууль зөрчсөн асуудал дээр орохгүй бусад асуудал дээр оролцоод төрийн ажлыг гацаахгүй явна гэсэн боловч чуулган ганцхан өдөр хуралдсан болоод хаасан. 47, 26 хоёр тоонд зөрүү их бий.
-МАН болон МАХН хамтарч Эх орончдын өдрийг тэмдэглэх болсон. Үүнийг хоёр намын нэгдэх эхлэл болж байна гэж харах хүн байгаа. Энд тайлбар өгнө үү?
-МАН-ын 95 жилийн ойн баяр 3 дугаар сарын 1-нд болно. Энэ баярыг хамтарч тэмдэглэх саналыг МАХН-аас тавьсан. Бид яагаад нэгдэж, нийлээд хамтарч улс орныхоо төлөө ажиллаж болохгүй гэж. Тиймээс бид цаашдаа нэгдэж нийлээд ажиллахыг үгүйсгэхгүй.
-МАН өнгөрөгч долоо хоногт УИХ-ын даргыг огцруулах асуудал тавина гэж байсан. Яагаад чимээгүй болчихсон бэ?
-Үндсэн хуулийн цэцэд нэг бус иргэн УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар хандсан байна лээ. Үүнийг харзнаж байна. Яах аргагүй УИХ-ын дарга хууль зөрчсөн нь үнэн.
-Ээлжит бус чуулганы үеэр Ж.Батзандан МАН-ыг “алуурчин нам” гэсэн. Үүн дээр танай нам ямар нэгэн тайлбар хийх үү?
-УИХ-ын чуулганы хуралдааны танхимд зөвхөн чуулган хуралдана. Өөр ямар нэгэн хэлэлцүүлэг, зөвлөгөөн, семинар явж болохгүй гээд Төрийн ордны эрх зүйн байдлын тухай хуульд заасан байдаг. Байнгын хороодын танхимд хурал, зөвлөгөөн явж болдог. Гэтэл УИХ-ын дарга семинарын горимд шилжүүлж байна гээд хууль зөрчин АН-ын гишүүдэд үг хэлэх боломж олгож, улс орон даяар цацах, гүтгэх доромжлох ажлыг зохион байгуулсан. Ж.Батзандан гишүүн “алуурчдын нам” гэсэн зүйл ярьж байсан. Харамсаж байна. Ж.Батзандан гишүүний аав нь МАН-ын гишүүн байсан. Энэ намын төлөө ажил амьдрал, сэтгэл зүрхээ зориулж явсан хүн шүү дээ. Өнөөдөр төрсөн ах нь МАН-ын нэр дээр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байна. Ингээд бодохоор аавынхаа зүтгэж байсан, төрсөн ахынхаа зүтгэж байгаа намыг алуурчдын нам гэж хэлж байгаа нь нэг талаас харамсалтай байна. Нэг биш олон удаа ингэж хэлж байгаа. Үүнийхээ төлөө МАН-аас болон жирийн олон мянган гишүүнээс уучлал гуйх ёстой. УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэсэн заалтаар түрий бариад байж болохгүй. УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Аливаа этгээд сонгуулийн жил эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно. Ингэсэн тохиолдолд нэр дэвших нэрсийн жагсаалтаас хасна” гэж заасан байгаа. Энэ заалт үйлчилж болох юм. Иймэрхүү байдлаар хэн нэгнийг гутаан доромжлох, гүтгэх зүйлүүд байгаад байвал МАН цаашдаа хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлье.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал