Автомашины гэрлийг автоматаар шилжүүлэгч бүтээжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-02-22 12:58:42
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн иргэн Д.Содномжамц автомашины гэрлийг автоматаар шилжүүлэгч бүтээжээ. Тэрээр энэ санаагаа 2009 онд олж 2012 онд Оюуны өмчийн газарт өргөдлөө өгчээ. Тус байгууллага хоёр жил судалсны дараа 2014 оны зургаадугаар сард патентийг нь олгожээ. Ийнхүү Д.Содномжамц автомашины гэрлийг автоматаар шилжүүлэгч бүтээлийг 20 жил өмчлөх эрхтэй болсон байна.

Уг төхөөрөмж нь холын гэрлийг багадаа 100, ихдээ 200 метрийн зайнаас мэдэрч, автоматаар өөрийн машины гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх юм. Машин зөрсөнөөс гурван секундын дараа буцаад холын зайны гэрэлд шилжих гэнэ. Эл төхөөрөмжийг машиныхаа салхины шилний тольны хойно тогтоох ажээ. Харин холболтыг копутан дотроо гэрлийн шилний араас нь холбоно. Үүнийг бүтээхэд 38 мянган төгрөгийн зардал гарч байгаа гэнэ. Нэг төхөөрөмжийг 5 цаг угсарч худалдаанд 68 мянган төгрөгөөр борлуулж эхэлжээ. Мөн үүнийгээ Орхон аймгийн Замын цагдаа, Авто тээврийн төвд танилцуулжээ. Тэд ихэд дэмжиж байгаа гэнэ. Дашрамд дурдахад, зөвхөн Эрдэнэт-Улаанбаатарын замд 2014-2015 онд гарсан авто замын ослын 18 хувь нь гэрэл шилжүүлээгүйгээс болжээ.

Мөн жолооч 7-8 жил шөнөөр гялбаанд их явбал нүдний хараа муудах зарим үед сохордог гэсэн судалгаа байдаг байна. Иймд энэ төхөөрөмж холын замд зорчдог нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарт их хэрэгтэй байгаа гэнэ. Тиймдээ ч захиалга олонтой байгаа гэж Д.Содномжамц хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ