АТГ зарим ноцтой хэргүүдийн талаар мэдээлэл өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-02-19 14:26:52

 Авлигатай тэмцэх газраас өнөөдөр өөрийн байрандаа зарим ноцтой хэргийн талаар  мэдээлэл хийв.

 Өргөтгөсөн байдалтай хийсэн уг хэвлэлийн бага хуралд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Судалгаа шинжилгээний албаны дарга Н.Дуламсүрэн, Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Н.Сүх-Очир, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр тэргүүтэй албаныхан оролцож сэтгүүлчдийн асуултад албан ёсны хариулт өгөв.

МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг саатуулсан талаар тодруулахад, 

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг манай байгууллагаас шалгаж прокурорт шилжүүлсэн. Прокурорт очсоны дараа Г.Шийлэгдамбаас олон нийтэд хандсан сонордуулга гаргасан. Үүнд авлигал авсан мөнгөө намын эрх бүхий албан тушаалтнуудад өгсөн тухайгаа илчилсэн. Энэхүү мэдээллийн дагуу АТГ-аас хэргийг дахиж шалгах шаардлагатай гэж үзсэн. Тэр дагуу МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг шалгаж байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учир илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.

-Г.Шийлэгдамбын мэдэгдсэнээр  авлигын мөнгөө намын дарга нартаа  өгсөн нь авлига мөн үү. Үүнийг нарийн  тогтоосон уу?

-"Хандив, авлига хоёрын хуулийн ойлголт өөр. Эдгээр нөхдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл буюу хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж байна гэв. Мөн Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа болон Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн тухай ч мэдээлэл өгсөн юм. Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяатай холбоотой хэргийг нарийвчлан шалгаж байгаа. Анх цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн Улсын ерөнхий прокуророос АТГ-т харьяалал тогтоосны дагуу цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулаад мөрдөн байцаалтын ажиллагааг явж байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга, сайд асан Д.Гансүх нарыг ч уг хэрэгт холбон шалгаж байна.

Интерполоор эрэн сурвалжлагдаж буй хүмүүс эх орондоо ирэх талаар мэдээлэл цацагдсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар эх орондоо ирж, хэргийнхээ талаар ярьсан нэг ч хүн алга. Тиймээс эрэн сурвалжлах ажиллагаа хуулийн дагуу олон улсын хэмжээнд үргэлжилж байгааг дуулгав. Эх орондоо ирэхгүй байгаа тухайн этгээдүүдийг  амьдарч буй улс оронтой нь Монгол Улс эрхзүйн харилцан туслах гэрээтэй тохиолдолд эргүүлэн авчрахад саадгүй. Харин гэрээгүй тохиолдолд тухайн улсаас Монгол Улсад авчирч өгөхөөс өөрөөр боломж тааруу байдаг гэдгийг ч тайлбарлав.

 Сэтгүүлчид Г.Дэнзэнгийн хэргийг ч лавлалаа. Н.Дэнзэнгийн Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байна. Прокурорын байгууллага руу шийдвэрлүүлэх саналтайгаар удахгүй шилжүүлнэ гэлээ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2017 оны наймдугаар сарыг хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт хийж Засгийн газарт хүргүүлсэн. Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн заалтыг үндэслэн 2017 он хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаснаа АТГ-ын дарга нар албан ёсоор мэдэгдэв. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ