Энэ жил Хятадын төсвийн хомсдол 306 тэрбум доллар байна

Дэлхийд | Эдийн Засаг
jargal@montsame.mn
2016-02-17 14:56:58

БЭЭЖИН. /TASS/. Энэ жил Хятадын төсвийн хомсдол 2 триллион /их наяд/ юань буюу 306 тэрбум байх бөгөөд энэ нь ДНБ-ий 3 хувьтай тэнцэнэ. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн дэргэдэх Санхүүгийн судалгааны хүрээлэнгийн захирал Гао Пэйюний мэдэгдсэнээр, тус улсын төсөв энэ жил сүүлийн олон жилд анх удаа хомсдолд орно.

Түүний хэлснээр, 13 дугаар таван жилийн төлөвлөгөөг /2016-2020/ хэрэгжүүлэх явцад төсвийн хомсдол зөвхөн нэмэгдсээр байх аж. “Одоо татварын системийг шинэчилж байгаа учраас төсвийн хомсдолоос зайлсхийхэд маш амаргүй байна” гэж тэрбээр үзэж байна. “Эдийн засгийн бусад салбарт ч шинэчлэл хийж байгаа нь төсвийн ачааллыг улам нэмэгдэхэд хүргэнэ” гэж эдийн засагч хэлжээ.

ДНБ-ий өсөлтийн хурдац удааширсан нь улсын төсвийн орлого буурах болсны нэг шалтгаан болсныг тэрбээр дурдсан байна. “Эдийн засгийн өсөлтийн хурдац  удааширснаас төсөвт орох хөрөнгийн урсгал багасч байна. Хэрэв 2011 онд төсвийн орлогын өсөлт 24.8 хувьтай байсан бол 2015 онд 8.4 хувь хүртэл удааширсан” гэж шинжээч хэлжээ.

Гао Пэйюний тооцоолсноор, 2016 онд Хятадын ДНБ-ий өсөлтийн хурдац 6.8 хувьтай байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ