Ким Жөн Ун: БНАСАУ илүү олон хиймэл дагуул хөөргөх нь чухал

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-15 11:01:42

ПХЕНЬЯН. /TASS/. Умард Солонгос цаашид “ажиллагаатай илүү олон хиймэл дагуул хөөргөх нь” зайлшгүй чухал болох тухай тус улсын удирдагч Ким Жөн Ун мэдэгджээ. Тэрбээр хоёрдугаар сарын 7-нд "Кванмёнсон-4" /Гэрэлтэгч од-4/ хиймэл дагуул бүхий зөөгч пуужинг хөөргөхөд оролцсон мэргэжилтнүүдийн багт зориулан Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооноос Пхеньян хотод зохион байгуулсан хүлээн авалтын үеэр үг хэлсэн байна.

“Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ түүхэн долдугаар их хурлын өмнө” дэлхий орчмын тойрог замд хиймэл дагуул оруулах шийдвэрийг маш хүнд нөхцөлд, дайсагнагч хүчнүүд манай улсыг нухчин дарахыг шаргуу зорьж байгаа үед гаргасан” гэж хүлээн авалтад гэргий Ли Соль Жугийн хамт хүрэлцэн ирсэн Умард Солонгосын удирдагч хэлжээ.

“Хувьсгал болоод тусгаар тогтнолын эрх ашигт сансрын аппарат амжилттай хөөргөсөн нь БНАСАУ-ын ард түмний итгэл найдварыг бадрааж, улс орны хөгжил цэцэглэлтэд саад болохыг оролдож байгаа дайснуудад цохилт боллоо” гэж Ким Жөн Ун хэлснийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжилжээ. Хүлээн авалтын дараа Умард Солонгост алдартай "Моранбон" эмэгтэйчүүдийн чуулга концерт тоглосон байна.

Хүлээн авалт болон концертод Умард Солонгосын Ардын их хурлын /парламент/ тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Солонгосын Ардын армийн Улс төрийн ерөнхий газрын дарга, дэд маршал Хван Бён Со, Ерөнхий сайд Пак Бон Дю, СХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ким Ги Нам болон нам, төр, цэргийн бусад зүтгэлтэн зэрэг төрийн дээд албан тушаалтнууд оролцжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ