Буянт сумынхан нөөц бололцоогоо үр дүнтэй ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 09:30:56

Баян-Өлгий аймгийн Буянт суманд онцлон дурдаж олзуурхмаар амжилт ололт цөөнгүй байна. Энэ сумын Хөх эрэг багийн төв эргэн тойрон нь өндөр уулсаар хүрээлэгдсэн орчин цагийн жижигхэн хотхон гэмээр санагдав.

Багийн албаны байр, улаан булан, аятайхан бие засах газар, засаг даргын орон сууцны байр. Эдгээр бүрэн цогц байгууламжийг өнгөрсөн жил сум хөгжүүлэх сангаас гаргасан нийт хорьхон сая төгрөгийн хөрөнгөөр Хайдав гэдэг хүн хэдэн ажилчинтайгаа хамт бүтээн байгуулсан байна. Гэтэл зарим нэг сумынхан сүүлийн хэдхэн жилийн дотор 15-20 сая төгрөгийн хөрөнгөөр зөвхөн энгийн бие засах газар «бүтээн байгуулсан» бодит жишээ байдаг. Мөн энэ багийн бага эмч С.Байгалмаа хорин жилийн турш малчдынхаа дунд явж тасралтгүй үйлчилж байгаа талаар малчид магтан ярьж байв. Харин малчин Сураган ч гэсэн бахархам амжилтанд хүрсэн ажилсаг хүмүүсийн нэг байна. Тэрбээр 1990-ээд оны эцсээр малгүй ядуу өрхөөр тооцогдон тусламжийн зээл, төсөл авч тэрнийгээ үр дүнтэй хэрэгжүүлсэнээр эдүгээ 400 гаруй бог, 60 гаруй бодтой болсон байна. Урьд ашиглагдаагүй байсан уулын нэг завсрын чулууг түүж, шуудуу татан усжуулсанаар намар тэр талбайнаасаа арав гаруй машин өвс хадлан авч нөөцлөөд, илүүдсэнийг борлуулдаг болсон гэнэ. Гэтэл хуучин олон малтай байсан зарим хөрш нар нь «энэ нөхөр хаанаас ингэж олон малтай болчихоо вэ» хэмээн шахалт үзүүлдэг болсоныг тэр нуусангүй. Тус багийн нийтийн хурлын дарга О.Давааням, зун тус багийнхан өндөр уулын тагтанд гарч зусдаг тул тэндэхийн замыг засч сайжруулахад дээрээс туслаасай гэдгийг л санал болгож байв.             

                                                       Ш.Айзаря

Холбоотой мэдээ