Сирийн хүүхдүүдэд боловсрол олгоход 1.4 тэрбум доллар шаардлагатай

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-02-03 12:42:42

НҮБ. /TASS/.  Сири болон тус улсын хөрш орнуудын 4 сая хүүхдэд боловсрол олж авахад нь туслахад 1.4 тэрбум доллар гаргахыг НҮБ-ын Хүмүүнлэгийн агентлагууд болон түншүүд хүсчээ. Энэ тухай Их Британийн нийслэл Лондон хотод хоёрдугаар сарын 4-нд болох Сири болон бүс нутгийн орнуудад тусламж үзүүлэх асуудлаарх жил тутмын 5 дахь удаагийн олон улсын бага хурлын өмнө НҮБ-ын төв байранд нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.

“НҮБ-ын агентлагууд болон хүмүүнлэгийн байгууллагууд дээрх уулзалтын өмнө Сири болон хөрш орнуудын 4 сая хүүхдэд сургуулийн болон сургуулиас гадуур боловсрол олж авахад нь туслахад 1.4 тэрбум доллар гаргахыг уриалж байна” гэж хэвлэлийн мэдээлэлд дурджээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн /ЮНИСЕФ/ мэдээллээр, Сирид мөргөлдөөн эхэлснээс таван жилийн дараа 2.1 сая хүүхдийн сурч боловсрох боломж хязгаарлагдсан байна. Мөн дайн дажинаас зугтаж хөрш орнуудад хоргодож байгаа Сирийн 700 мянган хүүхэд, дүрвэгсдийг хүлээн авч буй нийгмийн бүлгүүдийн хэдэн зуун мянган хүүхэд суурь боловсрол эзэмших боломжгүй байгаа юм. Өнгөрсөн жил Засгийн газрууд болон олон улсын байгууллагуудын хамтарсан хүчин чармайлтын дүнд нэг сая гаруй хүүхдэд боловсрол олгож чаджээ. Үүний зэрэгцээ мөргөлдөөнийг зохицуулах улс төрийн шийдэлд хүрээгүй цагт “сурч боловсрох боломж нь хязгаарлагдсан хүүхдүүдийн тоо цаашид өссөөр байна” гэдгийг хүмүүнлэгийн агентлагууд анхааруулж байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ