Төв суурин газрын өвөлжилт хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 10:54:50

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн дулааны станц буюу “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын 2, 5 дугаар зуухнууд ажиллагаанд 1, 4 дүгээр зуух нь нөөцөд байгаа ажээ.

Аймгийн төвд нүүрсний нөөцлөлт 600 тн байгаа нь ойролцоогоор 7 хоногийн нөөц гэнэ. Аймгийн дулааны станц Багануурын уурхайгаас гэрээгээр нүүрсээ татаж байгаа юм байна.

Ус хангамж, ариутгах татуургын хувьд элдэв гарсан гэмтэл зөрчилгүй байгаа гэнэ. Одоогоор эх үүсвэрийн гүний 1, 4 дүгээр худгийн насосууд ажиллагаанд, 2, 5 дугаар гүний худгийн насосууд бэлтгэлд байгаа аж. Харин 2 дугаар өргөх насосны станцын 3, 4 дүгээр насосууд ажиллагаанд 1, 2 дугаар насосууд бэлтгэлд байгаа бөгөөд 1400 м3 усан сан 64 хувь буюу 899 м3 хэмжээтэй байгаа гэв. Энэ нь хэвийн түвшинд ажиллаж байгааг илтгэж байгаа ажээ. “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК нь гэмтэл зөрчил байгаа тухай мэдээлсэн бөгөөд цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудад ээлжит үзлэг хийж байгаа талаар мэдэгдлээ.

Харин бусад сумдаас ирүүлсэн цаг үеийн мэдээлэлд аливаа онц ноцтой нөхцөл байдал илрээгүй бөгөөд нүүрсний нөөцлөлт 7-10 хоногийн нөөцтэй байгаа аж.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг 

Холбоотой мэдээ