“Гэр бүл хүүхдийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 10:23:42

Хөвсгөл аймаг 2016 оныг Гэр бүл хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгосон бөгөөд нэрлэсэн жилийн нээлтийн арга хэмжээг 2016 оны удирдах ажилтны анхдугаар зөвлөлгөөний үеэр ёслол, төгөлдөр хийлээ.

Тус аймгийн хэмжээнд 37919 өрх, 0-18 насны 46830 хүүхэд амьдарч байгаа бөгөөд эдгээр өрх гэр хүүхдүүд рүү чиглэсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулна. Нэрлэсэн жилийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Засаг даргын тамгын газрын дарга Г.Төмөрбаатар, нарийн бичгийн даргаар Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж. Ганболд нар томилогдсон бөгөөд ажлын хэсгийн гишүүдэд нэрлэсэн жилийн ажлын нээлтийн тугийг 2016 оны аймгийн шилдэг гэр бүл Ц.Бэхбаяр, Х.Энхтуяа болон шилдэг хүүхдүүд гардуулан өглөө. Мөн энэ үеэр амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур  орлоготой 5 өрхийн хүүхдүүдэд Засаг даргын тамгын газраас хичээлийн хэрэглэл, өвлийн хувцас гардуулсан бол зарим байгууллагууд бүтэн өнчин болон өрх толгойлсон  эмэгтэйчүүдийн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлсэн байна. Ийнхүү нэрлэсэн жилийн нээлт ёслол төгөлдөр болж оролцогчид хүүхдийн өмнө үүрэг хүлээгчийн амлалт өгч тус арга хэмжээ өндөрлөлөө.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ