Зикагийн вакциныг энэ онд багтаан гарган авч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
jargal@montsame.mn
2016-01-29 12:21:56

МОСКВА. /RIA Novosti/. Америк, Канадын эрдэмтэд Өмнөд Америкт тархаад байгаа Зика вирусийн вакциныг гарган авахаар ажиллаж байгаа бөгөөд яаралтай шаардлагатай тохиолдолд дээж нь энэ оны эцсээс өмнө бэлэн болох аж.

Зика вирусээр үүсгэгдсэн өвчнийг анагаах эм хэрэгслийг гарган авах консорциумд мөн Пенсильванийн их сургууль, Америкийн “Inovio Pharmaceuticals” болон Өмнөд Солонгосын “GeneOne Life Science” компани оролцож байгаа болохыг Канадын Лаваль хотын их сургуулийн эмзүйч Гэри Кобинжер мэдээлжээ.

Түүний хэлснээр, вакцины клиникийн туршилтыг есдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хэрэв салбарын зохицуулагч зөвшөөрсөн тохиолдолд яаралтай хэрэглэх дээж нь энэ оны эцэс гэхэд бэлэн болох аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, уг вирусийн халдварын анхны тохиолдол 2015 оны дөрөвдүгээр сард Бразилд бүртгэгдэж дараа нь Өмнөд Америкийн өөр хоёр оронд тархсан байна. Бразилын 18 мужид бүтэн хагас сая гаруй тохиолдол  бүртгэгджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ