Умард Солонгосын устөрөгчийн бөмбөгийн туршилт амжилтгүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-29 10:46:33

ВАШИНГТОН. /АР/. АНУ-ын эрх баригчид Умард Солонгосын цөмийн туршилтын талаарх урьдны байр сууриа өөрчилж, тус улсыг нэгдүгээр сарын 6-нд үнэхээр устөрөгчийн бөмбөг туршихыг оролдож, энэ нь амжилтгүй болсон гэж үзэж байна. Энэ тухай телевизийн “CNN” суваг Америкийн засаг захиргааны эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Тус сувгийн мэдээлснээр, Вашингтоны эрх баригчид газар хөдлөлтийн мэдээллийг нарийвчлан судалсны дараа ийм дүгнэлтэд хүрчээ. Энэ мэдээллээс үзвэл, туршилтыг устөрөгчийн бөмбөг туршихад зайлшгүй шаардлагатай гэж урьд нь үздэг байснаас хоёр дахин гүн газарт явуулсан байна.

Үүний зэрэгцээ Вашингтонын эрх баригчид цөмийн төхөөрөмжийн ажиллагаа бүрэн биш байсан гэж үзэж байгаа аж. Ажиглагчдын үзэж байгаагаар, Умард Солонгос устөрөгчийн бөмбөгийн тусдаа элементийг, тухайлбал, найдвартай дэлбэлдэг тэсрэх төхөөрөмж болох детонаторыг туршихыг оролдсон нь амжилтгүй болжээ.

Умард Солонгосын эрх баригчид энэ сарын 6-нд устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа мэдэгдсэн билээ. Энэ удаагийн цөмийн туршилт нь дөрөв дэх удаагийнх бөгөөд тус улс 2006 онд анхны туршилтаа хийж байв.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ