Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт болж байна

Монголын мэдээ | Хууль
gantuya@montsame.mn
2016-01-28 13:13:46

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2016 оны стратегийн цугларалт “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс ба төрийн цэргийн байгуулал” сэдвээр болж байна. 

Жил бүр уламжлал болсон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн холбогдох албан тушаалтнууд оролцож байна. 

Цугларалтын нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын газрын дарга нар оролцов. 

УИХ-ын гишүүн М.Сономпил “Монгол Улсын батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн асуудал” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд илтгэлдээ "1998 онд батлагдсан “Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг өнгөрөгч 10 дугаар сард "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” гэж өөрчлөн, нэр, агуулгын хувьд олон улсад болон бүс нутагт тулгарч байгаа аюулгүй байдлын орчны өөрчлөлт, сорилт, чиг хандлагыг мэдэрсэн, улс орны аюулгүй байдлыг хангах бодлогыг тодорхойлсон баримт бичиг болгож баталсан. Түүнд нийцүүлэн Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай зэрэг батлан хамгаалахын багц хуулиуд эн тэргүүнд шинэчлэгдэн батлагдах ёстой" гэж онцлов. 

Мөн тэрбээр батлан хамгаалахын багц хуулиудын төсөлд тусгах зарим саналыг батлан хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, төрийн цэргийн байгуулал болон зэвсэгт хүчний шинэчлэлийн асуудалтай уялдуулан цугларалтад оролцогчидтой харилцан ярилцжээ.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ