Олон улсын чанарын гэрчилгээ гардан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-01-27 13:09:14

Өнөөдөр ДЦС-3 ТӨХК-д ISO 9001-2008 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн гэрчилгээг гардуулах ёслол боллоо.

Ёслолд УИХ-ын гишүүн А.Тлейхан, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, ДЦС-3 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Чимиддорж нарын зэрэг албаны хүмүүс оролцож, ISO 9001-2008 олон улсын чанарын удирдлагын тогтолцооны онцлог, үр дүнгийн талаар тодорхой үг хэлж баяр хүргэв.
"Сүүлийн жилүүдэд манай улсын үйлдвэр, компаниуд ISO 9001 Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны бүлэг стандартыг идэвхтэй хэрэгжүүлж байна. Энэ нь аж ахуйг нэгж байгууллага, компанийн удирдлага үйл ажиллагаагаа тогтвортой сайжруулах, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэхэд анхаарч байгаагийн нэг илрэл юм. Эрчим хүчний салбарын байгууллагууд энэ стандартыг хэрэгжүүлэхэд тодорхой амжилт олж буйн нэг жишээ нь өнөөдөр ДЦС-3 ТӨХК-ний хамт олон ISO 9001-2008 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн гэрчилгээг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий аудитын байгууллагаас авч буй нь онцгой тохиолдол юм. Цаашид энэ амжилтыг бататгах, тасралтгүй сайжруулах нь ДЦС-3 ТӨХК-ийн хамт олны гол зорилт бөгөөд энд хүн бүрийн хичээл зүтгэл маш чухал юм" гэж холбогдох албаны нөхөд хэлж байв.

Орчин үеийн чанарын удирдлага менежментийн гол гурван зарчим болох төлөвлөсөн зорилтдоо хүрэхийн тулд бүх үйл ажилагааг бүрэн процессжуулах, гарч болох эрсдлийг тасралтгүй хянах, удирдлагын үйл ажиллагаанд Төлөвлө-Хий-Шалга-Баримтжуул зарчмыг мөрдөж хэвших нь ДЦС-3 ТӨХК-ийн компанийн ойрын зорилт болж байна.

Ийнхүү ISO 9001-2008 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн гэрчилгээг ДЦС-3 ТӨХК хамт олон хүлээж авахдаа 2021 он гэхэд нь дэлхийн жишигт хүрсэн өндөр технологитой, хүний хөгжилтэй, байгальд ээлтэй компани болох зорилтыг дэвшүүлэн тавив.

 

Холбоотой мэдээ