Хятадад гангийн үйлдвэр 400 мянган ажилчнаа хална

Дэлхийд | Эдийн Засаг
jargal@montsame.mn
2016-01-26 14:13:49

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Засгийн газрын гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулах төлөвлөгөө нь гангийн үйлдвэрүүд 400 мянга орчим ажилчнаа халахад хүргэж болзошгүй гэж тус улсын мэдээллийн "Сина" цахим хуудсанд бичжээ.

Хятадын Төмөрлөгийн үйлдвэрлэлийн хөгжил, төлөвлөлтийн судалгааны хүрээлэнгийн тэргүүн Ли Синьчуаны үзэж буйгаар, гангийн үйлдвэрүүдийн 400 мянган ажилчнаас гадна энэ салбартай холбоотой олборлох үйлдвэрүүд болон эцсийн бүтээгдэхүүнийг борлуулдаг компаниудад илүү олон хүн ажлын байраа алдаж болзошгүй. “Гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг ийм их хэмжээгээр бууруулах нь нийгмийн тогтвортой байдалд аюул учруулна” гэж шинжээчийн хэлснийг “Сина” цахим хуудсанд уламжилжээ.

Хятадын Засгийн газар гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг ойрын хугацаанд 100-150 сая тонноор бууруулахаар төлөвлөж байна гэж тус улсын Коммунист намын хэвлэлийн гол байгууллага болох "Жэньминь жибао" сонинд нэгдүгээр сарын 25-нд мэдээлсэн байна. Үйлдвэрлэлийн аюулгүй байдал, байгаль орчин, чанар, эрчим хүчний хэрэглээний орчин үеийн стандартад хэр нийцэж байгаагаар нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулах ёстой аж. 2015 онд Хятадын үйлдвэрлэл сүүлийн 34 жилд анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан байна. Өнгөрсөн онд тус улс 804 сая тонн ган үйлдвэрлэсэн нь 2014 оныхоос 2.3 хувиар буурсан үзүүлэлт аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ