Есөн суманд өвөлжилт хүнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 14:58:14

Архангай аймгийн онцгой байдлын газрын орлогч дэд хурандаа Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Архангай аймагт өвөлжилтийн байдал ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Аймгийн хэмжээнд энэ жил цас их орсноос одоогийн байдлаар есөн суманд өвөлжилт хүнд байна. Үүнээс Хангай, Цахир, Тариат, Чулуут, Өндөр-Улаан, Жаргалант, Хашаат сум цас ихтэй байгаа. Эдгээр сумдад цасны зузаан 20-30 см хүрч, хөрлөж хатуурснаас мал бэлчээрлэх боломжгүй болоод байна. Харьцангуй цас багатай ч өвс ургамлын ургац муу, зундаа гандуу байсан Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумын мал аж ахуйн өвөлжилт хүндрэх төлөвтэй. Хангай, Тариат суманд малын хорогдол гараад эхэлсэн. Одоогоор 2000 гаруй мал хорогдоод байна. Малчид малаа тээврийн хэрэгслээр ачиж цас багатай нутгуудаар отор хийж байна. Ойрын өдрүүдэд маш их хүйтэрч, шөнөдөө -30-45 хэм хүрч байна..

- Цаг хүндэрсэн сум баг малчны хотонд цаг үеийн ямар арга хэмжээ авч байна?

 -Аймаг, сумдын хэмжээнд нөөцөнд бэлтгэсэн өвс тэжээлийг малчдад олгож байна. Аймгийн нөөцийн 2013 онд бэлтгэсэн өвсийг үнэ төлбөргүй болгосон. Мөн 50 тонн хорголжин тэжээлийн үнийг 50 хувь бууруулж сумдад хүргэлээ.  Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос аймгийн өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлж Хангай, Тариат сумыг зудтай, Цахир, Чулуут, Өндөр-Улаан сумыг зудархуу гэж үнэлсэн. Засгийн газрын 480 дугаар тогтоолоор Төвшрүүлэх суман дахь улсын нөөцийн салбараас 250 тонн өвсийг үнэ төлбөргүй болгож, 150 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулж малчдад олгох шийдвэр гаргасан. Мөн нөөцийн салбарт 200 тонн өвс тэжээлийг Улаанбаатар хотоос нэмж байршуулах, цас зудтай тэмцэх, төрийн үйлчилгээ үзүүлэхэд зориулж 80.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж үнэ төлбөргүй болгосон болон хямдруулсан тэжээлийг аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэж өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилан ачиж тээвэрлэн  хүргэх ажлыг Онцгой байдлын газрын албан хаагчид хийж гүйцэтгэлээ.

Отор нүүдэл хийж байгаа, алслагдсан малчдын эрүүл мэндийг хамгаалах тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор аймгийн Засаг даргаар ахлуулсан эмч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

-Урин дулаан ортол хугацаа их байна. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Сум багаар томилогдон ажиллаж малчидтай уулзаж санал хүсэлтийг сонсож байна. Хамгийн гол нь малчдын хувьд малын хорогдол цөөн, хохирол багатай өвөл хаврыг даван туулахад анхаарч байна. Түүнчлэн өвс тэжээлийн хэрэгцээ маш их байна. Малчид бэлэн мөнгөгүй, өвс тэжээлийн үнэ өндөр, хүрэлцээ муутай байна. Аймгийн болон улсын нөөцөд өвс тэжээл байгаа боловч малчид худалдан авах бэлэн мөнгөгүй байна. Иймд өвс тэжээлийн үнийг дахин бууруулах, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Цас ихтэй сумдад туулах чадвартай автомашин ажиллуулах, зам гаргах ажлыг зохион байгуулах, төрийн болон төрийн бус байгууллагын хандив тусламжийг малчдад олгох нь зүйтэй.

Архангай аймаг Л. Булган

Холбоотой мэдээ