Си Зиньпиний Египетэд хийх айлчлал эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-20 16:15:37

КАИР. /RIA Novosti/. Хятадын дарга Си Зиньпиний Египетэд хийх хоёр өдрийн айлчлал лхагва гарагт эхэллээ. Египетийн хэвлэлүүдэд түүхэн гэж нэрлэж байгаа айлчлалын явцад улс төр, эдийн засгийн асуудлуудад гол анхаарлаа хандуулах төлөвтэй байна.

Каир болон Бээжингийн эрх баригчид эдийн засгийн салбарт 10 тэрбум долларын гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байна. Тухайлбал, Хятад улс Суэцийн сувгийн бүсэд хэрэгжүүлж буй аж үйлдвэрийн бүсийн төслүүдэд оролцох тухай, иргэний агаарын тээврийн салбарт хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурна. Түүнчлэн Хятадын компаниудын гүйцэтгэж буй тус улсын нийслэл хотын засаг захиргааны барилгын ажлын талаар болон санхүү, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээврийн салбарт хэрэгжүүлж буй бусад төслийн талаар хэлэлцэнэ.

Хятадын даргын айлчлалын явцад Египетийн хэд хэдэн банканд 1.6 тэрбум долларын зээл олгох тухай гэрээнд гарын үсэг зурна гэж Бээжин хотод суугаа Каирын Элчин сайд урьд нь мэдэгджээ.

Гадаад бодлогоо идэвхтэй явуулж буй Хятадын дарга Каирын эрх баригчидтай бүс нутгийн асуудлыг цогцоор нь тухайлбал, Сири, Ливи, Йемений зэвсэгт мөргөлдөөн, мөн терроризм болон хууль бус цагаачидтай тэмцэх асуудлыг хэлэлцэнэ. 

Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси Хятадад 2015 онд хоёр ч удаа айлчилсан билээ. Харин Хятадын даргын энэ удаагийн айлчлал нь тус улсын ийм өндөр дээд албан тушаалын түшмэлийн Египетэд сүүлийн 12 жилд хийж буй анхны айлчлал болж байгаа юм.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ