УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-19 18:07:06

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Хяналтын тухай хууль болон Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн А.Бакей нарын 9 гишүүнээс өнгөрөгч оны зургадугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн хуралдаанаар эхлүүлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Г.Батхүү гишүүн танилцуулсан юм. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг уг хуулийн төслийг дахин судлах шаардлагатай гэж үзэн завсарлага авах хүсэлт гаргасныг хуралдаан даргалагч хүлээн авч, ажлын тав хоногийн завсарлага өгөв.

Үүний дараа чуулганы хуралдаанаар Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх үеэр хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Бакейгаар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл орж ажилласан юм.

Гишүүдээс ёс зүй, сургалт, сурталчилгаагаар зохицуулж болох асуудлыг заавал хуульчлах шаардлагагүй, хуулийн хатуу зохицуулалт нь амьдралд гарах бүх тохиолдлыг зохицуулах боломжгүйг цаашид анхаарах, Авто замын тухай хуульд олон улсын болон улсын чанартай авто замын дагуу зориулалтын бие засах газар байгуулах талаарх холбогдох заалтыг хасах, 50-иас дээш ажилтантай аж ахуйн нэгж бүр эрүүл ахуйч ажиллуулах боломжгүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулах талаар төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эрх, үүргийн талаар 40 гаруй заалт байгаа хэдий ч хүлээлгэх хариуцлагын тогтолцоо нь тодорхой бус байгаа зэрэг асуудлыг шүүмжилж, асуулт асууж хариулт авсан юм.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ