Үнэ төлбөргүй өвс малчдын гарт очиж байна

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-18 17:20:05

Монгол Улсын Засгийн газрын 480- р тогтоолоор улсын нөөцөд 2011- 2013 онд бэлтгэн нөөцөлсөн өвсийг малчдад үнэ төлбөргүйгээр олгох шийдвэрийн дагуу Дундговь аймаг дахь улсын нөөцийн цэг салбарт хадгалагдаж байсан 3 мянга гаруй боодол өвсийг малчдад өгч байгаа юм.

Өвсийг аймгийн Засаг даргын захирамжаар зудтай болон зудархуу байгаа сумдад өвс тэжээл шаардлагатай малчин өрхийн тоог харгалзан хуваарилсан бөгөөд хуваарийн дагуу малчид хэдэн боодол өвс авахыг тодорхойлсон сумын Засаг даргын бичгээр энэхүү өвсийг авч байгаа ажээ.

Хуваарьт өвсөө малчиддаа хэрхэн хүргэж байгааг зарим сумын Засаг даргаас тодрууллаа. Тухайлбал, Гурвансайхан сум 250 боодол өвс татан авч, өвсний чанар бог малд тохиромжгүй байсан тул үхэртэй айлууддаа гол төлөв өгсөн гэж Засаг дарга Д. Төмөртогтох хэлж байна. Дэрэн сумын хувьд мөн хуваарьт 100 боодол өвсөө татан авч, малчиддаа тараасан бол Өлзийт сумын Засаг дарга хэлэхдээ, сумын хойд талын цас ихтэй 1,2,5 дугаар багийнхаа 250 гаруй өрхөд тус бүр хоёр боодол өвс өгөхөөр хуваарилаад байгаа бөгөөд тус багаас сумын төв руу замын цас хагараагүй тул аймгийн төвөөс өвсөө шууд авах зохицуулалтыг малчдад хийж өгсөн гэлээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ