Дипломат корпусын төлөөлөгчдийн газрын тэргүүн нарт шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2016-01-15 15:02:29

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар Улаанбаатар дахь Дипломат корпусын төлөөлөгчдийн газрын тэргүүн нарт шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Тэрээр Монгол Улсад суугаа Дипломат корпусын хамт олонд шинэ жилийн мэнд дэвшүүлээд, тэднээр дамжуулан бүх дипломатчид, улмаар төлөөлөн суугаа улс орны иргэдэд шинэ оны мэнд, удахгүй болох мичин жилийн сар шинийн мэнд дэвшүүлсэн юм. Түүнчлэн Улаанбаатар дахь дипломат корпусын ам бүл нэмэгдэж байгаад баяртай байгаагаа хэллээ. 
2015 он Монгол Улсын хувьд амжилт бүтээлээр дүүрэн байсныг онцлоод, тэр дундаа гадаад харилцаа тун идэвхтэй байсныг тэмдэглэв. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд ялсан, гадаад сурталчилгааны болон эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн, гурван талт коридор байгуулах ажил явагдаж, Монгол-Япон-АНУ-ын гурван талт уулзалт хийсэн, “Эдийн засгийн түншлэлийн тухай” Монгол, Япон хоорондын хэлэлцээр байгуулж, батлуулсныг  жишээ болгон дурдсан юм. Түүнчлэн 2016 он бүр их ачаалалтай, бүтээл арвинтай байх болно гэв. Улс төр, нийгмийн амьдралд олон чухал үйл явдал тохионо. Парламентын ээлжит 7 дахь сонгууль явагдаж, Ази-Европын чуулга уулзалт болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулна. АСЕМ-ийн дээд хэмжээний энэхүү уулзалт нь АСЕМ-ийн 20 жилийн ойтой давхцах бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний комисс, Гадаад хэргийн яам, АСЕМ-ийн бэлтгэл хангах ажлын алба нэн идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэн хэлэв.  
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад уригдсан Ази, Европын улсуудын Элчин сайд нар тус үйл явдалд онцгой ач холбогдол өгч, хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа дуулгаад “Та бүхний төлөөлөн суугаа улс орны Төр-засгийн тэргүүн нар Улаанбаатарт тавтай саатан морилно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улстай хоёр талын харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын олон улсын байр суурийг дэмжих, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар Та бүхний туслалцаа дэмжлэгийг бид цаашид ч авах болно. 2016 он Та бидний найрсаг хамтын ажиллагааны ололтын жил байх болтугай” хэмээлээ. 
Үүний дараа Дипломат корпусын тэргүүнүүдийн ахлагч, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү мэндчилгээ дэвшүүлэн, талархал илэрхийлэв.
Тэрээр улиран одсон 2015 оныг Монгол Улс 3 сая дахь иргэнээ өлгийдөн авсан онцгой үйл явдлаар угтсан болохыг тодотгоод, тэмдэглэлт олон үйл явдлаар дүүрэн байсныг онцлов. 2015 оны 10 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд 172 орны саналаар Монгол Улс тус зөвлөлийн гишүүнээр сонгогдсонд баяр хүргэхийн зэрэгцээ цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт хүслээ. Эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй нөхцөл үргэлжилж байгаа ч үүнийг даван туулахаар Монгол Улсын төр, засгаас чамгүй идэвх гарган ажилласан болохыг онцлоод, макро эдийн засгийн зарим үзүүлэлт ахицтай байгааг хэлэв. Түүнчлэн энэ оны 07 дугаар сард болох АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг анх удаа Монгол Улс даргалан явуулах бөгөөд энэ нь Монгол Улсын хувьд тун чухал үйл явдал болохыг тэмдэглэн хамт олныхоо нэрийн өмнөөс амжилт хүссэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 

Холбоотой мэдээ