Обама, Путин олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-14 10:44:25

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж, Украины хямрал, Сирийн энхийн хэлэлцээ болон Умард Солонгосын цөмийн сүүлийн туршилтын тухай хэлэлцсэн байна.

Минскийн гэрээг бүх тал бүрэн хэрэгжүүлж, Украины хямралыг дипломат арга замаар зохицуулах нь чухлыг Обама онцлон тэмдэглэсэн гэж Цагаан ордон мэдэгдэлдээ дурджээ.

Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ стандартад нийцсэн орон нутгийн сонгуулийг Украины Донбасст явуулах тухай гэрээг байгуулах гол арга замуудыг Обама онцолжээ.

Донбассын байлдааны ажиллагааг зогсоох зорилгоор Украин, ОХУ, Донецкийн төлөөлөгчид ЕАБХАБ-ын дэмжлэгтэйгээр Беларусийн нийслэл Минск хотод гэрээ байгуулсан боловч энэ нь төдийлөн үр дүнтэй байгаагүй билээ.

Харин хоёр тэргүүн Сирийн асуудлыг хэлэлцэхдээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2254 тоот тогтоолыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэйг дурдсан байна.

2015 оны 12 дугаар сард баталсан уг тогтоолоор Сирийн хямралыг улс төрийн замаар зохицуулж, гал зогсоохыг уриалжээ. Мөн 2016 оны нэгдүгээр сарын эхээр болох албан ёсны хэлэлцээнд талуудыг оролцуулахыг НҮБ-д шаардсан байна.

Гол төлөв хүчирхийллийг бууруулж, хүмүүнлэгийн яаралтай тусламж шаардлагатай байгаа Сирийн иргэд, ялангуяа, бүслэлт орсон болон хүрэхэд хүндрэлтэй нутагт амьдарч байгаа хүмүүсийн асуудлыг зохицуулахын тулд НҮБ-ын дэмжлэгтэйгээр Сирийн сөрөг хүчин болон Засгийн газрын төлөөлөгчид хооронд ажил хэрэгч хэлэлцээ явуулах алхам хийх хэрэгтэй байгааг хоёр тэргүүн онцлон тэмдэглэжээ.

Эцэст нь хоёр тэргүүн Умард Солонгос цөмийн туршилт хийсэн асуудлыг хэлэлцэж, олон улсын даацтай, нэгдсэн хариу арга хэмжээ авах шаардлагатайг дурдсан байна.

Устөрөгчийн бөмбөгийн анхны туршилтаа хийсэн гэж Умард Солонгос өнгөрсөн лхагва гарагт мэдэгдсэн билээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг эрээ цээргүйгээр зөрчсөн Умард Солонгост хариу арга хэмжээ авахаа АНУ амласан байна. Үүнтэй холбогдуулан АНУ өнгөрсөн долоо хоногт бусад оронтой, Умард Солонгост ямар хариу арга хэмжээ авах тухай зөвлөлджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ